Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг сайжруулах төсөл” , Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Улаанбаатар хотын дулаан хангамжийн төсөл”-ийн хүрээнд 2021 онд хэрэгжих ажлуудтай Эрчим хүчний яам, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК болон төслийн нэгжийн холбогдох албаны хүмүүстэй газар дээр нь ажиллалаа.
Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацын 41.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 2021 онд дулааны сүлжээний 5а магистралийн 2х800 мм голчтой 2.8 км хос шугамыг 2х1000 мм болгох ажлын 3 багц, 3г магистралийн 2Ø400,1Ø600 мм голчтой 1.3 хос км шугамыг 2х700мм болгох 1 багц буюу “ДЦС-3” ТӨХК-иас Барс худалдааны төв хүртэлх дамжуулах сүлжээний өргөтгөл шинэчлэлийн нийт 4 багц ажил хийгдэнэ. Эдгээр шугамууд нь 50-иас дээш жил ашиглагдсан, ашиглалтын хугацаа 20 гаруй жилээр хэтэрсэн, хүчин чадал хүрэлцэхгүй болсон бөгөөд өргөтгөл шинэчлэл хийгдсэнээр төвлөрсөн дулаан хангамжийн системийн найдвартай ажиллагаа дээшлэхээс гадна дамжуулах сүлжээний хүчин чадал 1600 тн/ц буюу 120 Гкал/ц-аар нэмэгдэх юм.
Харин Европын сэргээн босголт хөгжлийн банкны 10 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, 5 сая ам.долларын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр 2021 онд дулааны сүлжээний 8 а, б, в, г магистраль буюу 10 дугаар хорооллоос Москва хороолол хүртэлх Энхтайваны өргөн чөлөөний авто зам дагуух 2х400мм, 2х500мм-ийн голчтой нийт 3.3 км шугамыг 2х600 мм голчтой болгох 4 багц, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооноос Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо хүртэл 5в-12а магистралийн холбоос 2х600мм голчтой 0.5 км шугам шинээр татах 1 багц, Насос станц №2-ын хүчин чадлыг 1250 тн/ц-аар нэмэгдүүлэх 1 багц буюу нийт 6 багцын барилга угсралтын ажил хийгдэнэ. Одоогоор төслийн хүрээнд хэрэгжих ажлуудын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулах ажил хийгдэж байна.
Дээрх ажлууд хийгдсэнээр 2020 оны халаалтын улиралд аваарийн нөхцөл байдалд ороод байсан дулааны сүлжээний хуучирч муудсан шугамууд иж бүрэн шинэчлэгдэх ба дамжуулах сүлжээний хүчин чадал 200 Гкал/ц-аар нэмэгдэх юм.
Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай барилга угсралтын ажлуудыг хугацаанд нь ашиглалтад оруулахад Ковид-19 цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж хил гаалиар нэвтрэх бараа тээвэрлэлт удааширч болзошгүйг анхааруулж, шаардлагатай тохиолдолд хүндрэлтэй асуудлуудыг Эрчим хүчний сайдын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх, ажлын явц болон бусад асуудлуудыг 7 хоног бүрийн шуурхай хуралдаанд танилцуулж шийдвэрлүүлж байх үүрэг даалгаврыг холбогдох албаныханд өгчээ.
Эх сурвалж: Эрчим Хүчний Яам