Монголын утга зохиол, яруу найргийн ертөнцөд шинэ шагнал бий болж анхны эзэддээ (2017.06.30) хүрлээ. Энэ бол Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавын нэрэмжит шагнал юм. Шагналыг Ш.Сүрэнжавын үр хүүхдүүд санаачилсан бөгөөд шагналыг хоёр жилд нэг удаа олгож байхаар болжээ.
Монголын шинэ үеийн утга зохиол, яруу найргийн ертөнцөд өвөрмөц санаа, онцлог шийдэл бүхий бүтээл туурвисан уран бүтээлчид шагналыг гардуулж байх юм байна. Ардын уран зохиолчын нэрэмжит шагналыг гардуулах анхны арга хэмжээг Монгол судлаач эрдэмтэн Т.Мацүда санхүүжүүлсэн байна. Харин шагналын анхны эзнээр хэл бичгийн ухааны доктор Д.Дэнсмаа тодорлоо.
Мөн энэ өдөр Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цэдэвийн нэрэмжит шагнал эзэндээ очсон байна. Монголын орчин цагийн утга зохиол судлал, шүүмжлэлийн бүтээлд олгох энэ шагналын эзнээр доктор, профессор С.Байгалсайхан тодорчээ.