Сэлэнгэ аймгийн Ерөө сумын хэдэн иргэн хүнд машин механизмаар Ерөө голын мөсийг хуулж, хууль бусаар алт олборлосон хэрэг өнгөрсөн хоёрдугаар сард гарч байв. Тэгвэл голын голдирлоос алт олборлож, ус бохирдуулж байсан хэд хэдэн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг өнгөрсөн долоо хоногт зогсоожээ.
Тодруулбал, тус сумын гуравдугаар баг буюу Бугант тосгоны удирдлага “Алт олборлогчид Ерөө голыг бохирдуулж байна” гэсэн мэдээлэл авч, тэнд үйл ажиллагаа явуулдаг компаниудыг өнгөрсөн баасан, бямба гаригт шалгахад ноцтой зөрчлүүд илэрчээ. Тус сумын Засаг даргаас энэ талаар тодруулахад “Бохирын далангаа сэтэлж, гол руу нийлүүлдэг, голдирлоос алт олборлодог цөөнгүй компани байна. Тэдний техник хэрэгслийг нь хурааж, үйл ажиллагааг нь зогсоосон” хэмээн ярилаа.
“Урт нэртэй” хуулийн дагуу бол уул уурхайн компаниуд голдирлоос алт олборлох нь бүү хэл голын эргээс 200 метрийн зайд үйл ажиллагаа явуулах учиртай. Гэтэл өдгөө Ерөө гол дагуу үйл ажиллагаа явуулдаг 14 компаниас үүнийг мөрддөг нь тун ховор гэнэ. Холбогдох албаныхан үе үе шалгаад тэдгээр компанийн үйл ажиллагааг зогсоодог ч хэсэг хугацааны дараа дахиад л ажиллаж эхэлдэг аж.
Голын ус бохирдуулж, хууль зөрчсөн компаниудад ямар арга хэмжээ авах талаар Засаг даргаас асуухад “Үйл ажиллагааг нь зогсооно доо” гэсэн юм. Хуулийг уландаа гишгэж, байгаль орчинд хохирол учруулдаг эдгээр компанид оноодог шийтгэл нь ердөө түр хугацаагаар үйл ажиллагааг нь зогсоох бололтой. Дашрамд дуулгахад, Сэлэнгэ аймгийн Цаг уур, орчны шинжилгээний албаныхан Хараа, Ерөө голын уснаас дээж авч, шинжлээд “Бохирдолтой” гэж дүгнэсэн байна.
Эх сурвалж: http://www.unuudur.mn/article/97952