УИХ-дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2021.06.14/-ийн ээлжит хуралдаанаар хоёр асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.
Хурлын шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил нар мэдээлэл хийлээ.
Д.Тогтохсүрэн “Бүлгийн хуралдаанаар хоёр асуудлыг хэлэлцлээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гишүүдэд 3 чиглэлийн мэдээлэл өгсөн.
Нэгдүгээрт, улс оронд ковид цар тахлын нөхцөл байдал хүнд байгаатай холбоотой мэдээллийг өглөө. Сүүлийн үед энэ өвчний дэгдэлт, нас баралт олширох хандлагатай байна. Үүнтэй холбоотойгоор Засгийн газар, УОК-оос авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээллийг өглөө. Хоёрдугаарт, төсвийн тодотгол, Улсын баяр наадамтай холбоотой болон цаг үеийн бусад асуудлаар мэдээлэл сонслоо.
Гуравдугаарт, цаашид хөрөнгө оруулалт, төсвийн талаар авч хэрэгжүүлэх асуудал, ялангуяа ковидын үед эдийн засгийг хэрхэн дэмжих талаар мэдээлж, бүлгийн гишүүд асуулт асууж санал солилцсон. Засгийн газар ойрын үед ковидтой холбоотой тодорхой шийдвэрүүдийг гаргахаар ярилцаж байна. Мөн төсвийн тодотголыг УИХ-ын хаврын чуулганаар буюу улсын баяр наадмаас өмнө хийж дуусгах шаардлага үүсч байна.
Мөн бүлгийн хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийг хэлэлцлээ. 2018 онд Засгийн газраас Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьсан. Хуулийн төсөл дээр Ц.Мөнх-Оргил гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг сүүлийн гурван жил тасралтгүй ажиллаж байна. Бид өнгөрсөн намар, хаврын чуулганаар идэвхтэй хэлэлцэж байгаад түр хойшлуулсан байсан. Энэ хаврын чуулганаар уг хуулийн төслийг хэлэлцэж батлах нь зүйтэй гэдэг дээр бүлгийн гишүүд санал нэгдсэн. Засгийн газар, МҮЭХ, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, МҮХАҮТ Хөдөлмөрийн тухай хуулийн төсөлд маш идэвхтэй хамтран ажиллаж байна” гэлээ.