Бүх л хүн гэр бүл дотроо, сургууль, ажлын байр зэрэг харилцааны аль нэг шатанд ямар нэгэн алдаа гаргасан л байдаг. Ийм алдаа нь тэднийг цочоож, заримдаа гутранги үзэл дагуулах нь бий. Энд амжилтгүй оролдлого, аль нэгэн бүтэлгүйтлийнхээ дараа амжилтанд хүрсэн дэлхийн алдартнуудын жишээг өгүүлэх болно.
Ямар нэгэн алдааг хийснийхээ дараа гутарч гуниж, өөрийгөө буруутгаад яах вэ. Чи амьд байна, амьдрал үргэлжилж байна гэдгийг санаж, гараа алдлан уртаар амьсгаа аваад, сэтгэлээ засч ажил, амьдралаа цааш нь үргэлжлүүл. Гол нь зөв байх хэрэгтэй. Чамайг олон олон гайхамшиг тосон угтаж байгаа ч юм бил үү !
Ж.К. Роулинг
“Харри Поттер” номын зохиолч Ж.К.Роулинг бүтэлгүйтлийн ач холбогдлыг өндөр үнэлсэн удаатай. Коллеж төгссөний дараахь хэдэн жил түүний хувьд яг л хар дарсан зүүд шиг байсан аж. Тэр энэ талаараа “Би их бүдүүлэг түвшинд бүтэлгүйтсэн. Гэрлэлт маань сүйрсэн бөгөөд би ийм богино настай гэрэлттэй таарах юм гэж ер бодож байгаагүй. Сургуулиа төгсөөд долоон жил өнгөрсний дараа би нөхрөөсөө салж, ажилгүй болсон өрх толгойлсон эмэгтэй болсон байв. Гэхдээ энэ бүх бүтэлгүйтэл намайг чөлөөлж өгсөн. Би бүх эрч хүчээ өөрийнхөө хүссэн зүйлд зориулах боломжтой болсон. Цөхөрч, шаналан суухдаа би үүнийг л ойлгосон. Би хөөрхөн охинтой. Надад хуучин бичгийн машин байна. Бас гайхалтай санаа олсон. Өөр юу хэрэгтэй юм бэ. Үүнийг ойлгоод би бичиж эхэлсэн” хэмээн хэлсэн байдаг.
Стив Жобс
Дэлхийд алдартай “Apple” компанийг бүтээн босгосон, ажилдаа үнэнч Стив Жобс өөрийнхөө бий болгосон компаниасаа халагдаж байсан. Хормын дотор амьдралын утга учир хэмээн төсөөлж явсан бүх зүйлээсээ хагацсан нь түүнд сэтгэл санааны дарамт авчирсан гэдэг.
Энэ талаараа тэр “Хэдэн сар би юу хийхээ мэдэхгүй байсан. Тэр үед би олон зүйлийг ухаараагүй. Гэхдээ хожим бодож үзэхэд миний амьдралд тохиолдсон хамгийн сайхан зүйлийн нэг бол Apple-с халагдсан явдал байв. Түүний дараа би шинэ төслүүд дээр ажиллаж NEXT компаныг үүсгэн байгуулсан. Дараа нь Pixar студи анхны компьютер хүүхэлдэйн киног бүтээсэн. Гол нь би хамгийн дуртай зүйлдээ анхаарч, түүнийг дагаж ажилласан. Хэрэв намайг ажлаас халаагүй бол энэ бүх зүйл надад тохиолдохгүй байсан” хэмээн дурссан байдаг.
Ийн ажиллаж байхад нь бараг дампуурлын ирмэгт ирсэн “Apple” компани Стив Жобсыг эргүүлэн авчирч гүйцэтгэх захиралаар томилсон бол тэр компаниа бараг л үнс, нурам дотроос дахин сэргээсэн гэдэг.
Билл Гейтс
“Амжилтыг тэмдэглэх нь зүйтэй ч амжилтанд хүрэхэд нөлөөлсөн алдаа сургамжийг анхаарч үзэх нь илүү чухал” хэмээн хэлсэн “Майкрософт”-ын эзэн, дэлхийн тэргүүн баян Билл Гейтс Харвардын сургуулийг орхисон. 1973 оны намар энэ сургуулийн босгыг давсан Билл хоёр жилийн жилийн дараа гэхэд найзтайгаа нийлж, “Майкрософт”-ыг байгуулахаар сургууль завсардсан гэдэг.
Компьютерийн программчлалын ур чадвар, хүсэл эрмэлзэл нь түүнийг алдарт програм хангамжийн компани “Майкрософт”-ын эзэн болгож, 31 настай залууг дэлхийн хамгийн залуу тэрбумтаны жагсаалтад багтаах болсон.
“Билл бол Харвардын хамгийн их амжилтад хүрсэн сургууль завсардагч” гэсэн тэмдэглэл сургуулийн сайт дээр бий. Өөр хэн нэгэн залууг Харвардын их сургууль завсардалт нь тэрбумтан болгож магадгүй л юм. Гэхдээ энэ хүртэл гялалзаж, амжилтанд хүрнэ гэвэл чамд ямар нэгэн дуусч дундрашгүй үнэ цэнэтэй хүсэл тэмүүлэл, няцашгүй зорилго, зүтгэл хэрэгтэйг санаарай.
Альберт Эйнштейн
Ульеме хотод жижиг худалдаачны гэр бүлд 1879 онд төрсөн, “Харьцангуйн онол”-ын эцэг Альберт Эйнштейн ч бүтэлгүйтэж байв. Арван настайдаа Мюнхен хотын гимназид элсч, чадварлаг сурагчдын нэгд тооцогддог байсан Эйнштейн 1895 онд Цюрихийн политехникийн дээд сургуульд элсэлтийн шалгалт өгөөд тэнцээгүй байна.
Залуу Эйнштейн түүх, хэлний мэдлэг дээр бүдэрсэн байлаа. Ингээд Аараугийн сургуулийн ахлах ангид орсон эрдэмтэн 1896 онд Цюрихийн политехникийн сургуулийн босгыг давжээ. Энэ бүтэлгүйтэл нь түүний физикийн салбарт Нобелийн шагнал авсан амжилтад огтхон ч нөлөөлөөгүй. Харьцангуйн онолыг бүтээхэд юу түлхэц болсон бэ гэсэн асуултад харин эрдэмтэн “Федор Достоевскийн роман, эртний Хятадын гүн ухаан”-ыг иш татдаг байсан гэдэг.
Авраам Линкольн
АНУ-ын Ерөнхийлөгч Авраам Линкольн 1831-1860 оныг хүртэл бараг бүтэн 30 жил бүтэлгүйтсэн байдаг. 1831 онд бизнес нь бүтэлгүйтсэн Линкольн 1982 онд мужийнхаа хууль тогтоох танхимын сонгуульд ялагдаж, 1834 онд бизнес нь дахин унаж, дампуурлаа зарлав.
Ар араасаа хэлхэлдсэн бүтэлгүйтлийн улмаас тэр мэдрэлийн ядаргаа тусч хоёр жилийн турш эмчлүүлсэн тэрээр 1839, 1843, 1846, 1848 онд Конгрессийн ээлжит сонгуульд, 1855 онд Сенатын сонгуульд дараалан ялагдаад 1856 онд АНУ-ын Дэд ерөнхийлөгчид өрсөлдөн энэ албан тушаалыг өрсөлдөгчдөө алдсан байдаг. Ингээд 1858 онд даагаа нэхэж Сенатын сонгуульд өрсөлдсөн ч ялагдаж хоцорсон Линкольн 1861 онд АНУ-ын 16 дахь Ерөнхийлөгчөөр сонгогджээ.
Тус улсын Ерөнхийлөгчдийн түүхэнд Авраам Линкольн шиг оролцсон сонгууль болгондоо бүдэрч, бүтэлгүйтсэн хүн байсангүй. Дээрх шинж тэмдгүүд нь хувь хүний бууж өгөхгүй байх хүсэл эрмэлзлэлээс илүү хувь хүний оролдлогыг илүү харуулдаг.
Майкл Жордан
NBA-гийн түүхэн дэх хамгийн агуу сагсан бөмбөгч хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн домогт Майкл Жордан “Би 9000 гаруй оновчгүй шидэлт хийсэн. Бараг 300 тоглолтод хожигдсон. Бас 26 удаа багийнхан минь надад найдан эцсийн шидэлтийг хийлгэхэд алдсан. Би амьдралдаа байсхийгээд л ялагдал амссаар ирсэн. Гэхдээ энэ бүхний ачаар л би амжилтад хүрсэн” хэмээн хэлсэн удаатай.
Жорданы сагсан бөмбөгийн ур чадвар бол байгалийн авъяас хэмээн дасгалжуулагчид нь үзэж байсан. Гэвч дасгалжуулагчид од тамирчнаа NBA-гийн хамгийн наад захын өндөрлөгт хүрч чадахгүй байгаад гайхаж байв. Байгалаас заяасан авьяасаас гадна хувь хүний хүчин чармайлт, дадлага туршлага өөрөө бүтэлгүйтэлийг даван туулах гүүр байсан гэдгийг алдарт тамирчин өөрөө хэлчихсэн нь энэ.
Залууст “Хэрвээ та амжилтад хүрэхийг хүсч буй л бол бэрхшээлтэй аяндаа тулгарна. Би ч, бусад хүмүүс ч бэрхшээлтэй бишгүй тулсан. Гэвч тэрхүү бэрхшээл саад таныг зогсоох ёсгүй. Хэрвээ та ханын өдөөс гүйж буй бол бүү бууж өг. Тэр ханыг хэрхэн давж болохыг бод” хэмээсэн алдарт Жордан мөн “Сөрөг зүйл рүү үргэлж эерэг нүдээр харж сураарай” гэж захисан байгаа.
Стивен Спилберг
Бүх цаг үеийн хамгийн алдартай кино бүтээгчдийн нэг, шилдэг найруулагч Стивен Спилберг хүүхэд байхаасаа адал явдалд дуртай нэгэн байж. Ресторанд төгөлдөр хуур тоглон хажуугаар нь цахилгааны инженерээр ажиллах Арнольдын хүү Стивен Спилберг өсвөр наснаасаа кино хийдэг байв. 16 насандаа эцгийнхээ өгсөн мөнгөөр найзуудтайгаа нийлж 8 мм-ийн хальсан дээр богино хэмжээний “Firelight” уран сайхны киногоо бүтээж, ресторанд 25 центээр үзүүлсэн гэдэг.
Ахлах сургуулиа төгссөний дараа Калифорнийн их сургуульд элссэн 1969 онд “Universal Studios”-той долоон жилийн гэрээ байгуулсан тул сургуулиа орхиход хүрсэн байна. Тэр өмнөд Калифорнийн их сургуулиас гурван удаа татгалзаж байжээ.
Уолтер Дисней
Хүн бүрийн хүүхэд насны дурсамжид хадгалагдсан Mickey Mouse, Donald Duck зэрэг хүүхэлдэйн киног бүтээсэн Уолтер Дисней ч цөөнгүй бүтэлгүйтэлтэй халз тулсан нэгэн. Хөршийнхөө морийг урамшуулалтайгаар зурж, өөрийн авьяасаа нээсэн бяцхан Дисней сургуулийнхаа сонинд зураачаар ажиллаж байжээ. Энэ бол 1915 он.
Дэлхийн I дайны үе тул зураг нь ихэвчлэн цэрэг дайны ухуулга, сурталчилгаа байв. Уолтер энэ үед сургуулиа орхиод дайнд явахаар шийдсэн ч түүнийг насанд хүрээгүй гээд авсангүй. Харин тэр сургуулиа нэг мөсөн орхин Улаанзагалмай нийгэмлэгт элсэж, шархадсан цэргийг зөөдөг эмнэлгийн машины жолоочоор Францад нэг жил ажиллажээ.
Буцаж ирээд дүү Ройгийн тусламжтайгаар “Рубин Арт” хэмээх студид ажилд орж зар сурталчилгааны зураг зурж байгаад нэг найзтайгаа хувийн компани байгуулсан ч дампуурчээ. Ингээд өөр нэг компанид ажиллах болж, тэнд хүүхэлдэйн киноны зураг зурж эхэлсэн нь сонирхлыг нь өдөөж өгсөн байна. Ингээд Уолтер хүүхэлдэйн кино бүтээгч болохоор эрс шиджээ.
Чикаго хотын театрт “Newman Laugh-O-Grams” киногоо дэлгэж, богино хугацаанд алдаршуулж чадсан Уолтер Дисней бага орлого олж байсан учраас өрөнд орж, ажилчдынхаа цалинг тавьж дийлэхгүй дампуурч ч үзсэн. Үүний дараа тэр АНУ–ын кино урлагийн төв Холливүүдийг зорьж, амжилтанд хүрсэн гэдэг. Хэдийгээр өдөр бүр шинэ хаалга нээгдэн, шинэ бүтээлүүд төрж, сая сая хүмүүс түүнийг сонирхож байгаа ч хүүхэд насны дурсамж, мөрөөдлийг бүрэн илэрхийлдэг Дисне стиль ирээдүйд мэндлэх, сониуч зантай дэлхийн сая сая багачуудыг ч үргэлжлүүлэн цэнгүүлэх нь тодорхой.
Винсент Ван Гог
Нэрээр нь овоглсон уран бүтээлүүд нь асар өндөр үнээр зарагддаг Ван Гог хэрвээ энэ цагт амьдарч асан бол дэлхийн хамгийн баян хүнд тооцогдож, тэрбумтны жагсаалтын дээгүүр бичигдэж байх байлаа. Гэвч тэр гайхамшигтай бас эмгэнэлтэй түүх үлдээгээд ердөө 37 насны босго давмагцаа хорвоогоос явчихсан.
Ядуу зүдүүгийн туйлыг үзэж, зовж зүдэрсэн энэ агуу зураач амьдралдаа “Улаан усан үзмийн талбай” нэртэй бүтээл л 400 франкаар худалдаж чадсан гэдэг. Тэр энэ тухайгаа хэнд ч гомдоллож чадаагүй юм. Гэвч энэ нь зураачийн урам зоригийг мохоож, бийр, цаасаа хураах шалтгаан болоогүй. Алдарт зураачгүй өнгөрсөн 100 гаруй жилд дэлхийн уран зургийн ертөнц Винсент Ван Гогоор амьсгалж, зураг сонирхогчид бүтээлд нь хэдэн арав, зуун сая ам.доллар цацаж байна.
Д.ХАЛИУН
2 comments
saihan medeelel bna
UAAASHASHASHAAA