Усанд живж байсан хүүхдийг аварч өөртөө баймгүй их эр зоригийг харуулж олон нийтийн дунд хайр хүндлэлийг хүлээгээд байгаа Ж.Тэмүүжин хүүг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын зүгээс “Авьяас” алтан медалиар шагнажээ. Шагналыг энэ сарын 24-ний өдөр гардуулсан байна.
Мөн Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын зүгээс баатарлаг хүүг “Эх оронч үзэл- эх орны бахархал хөтөлбөрийн үйл ажиллагаа болох Батлан хамгаалах яамны харьяа “Шонхор” зусланд амрах эрхийн бичгээр шагнасан аж.
Ж.Тэмүүжин хүү өөрийн сонирхлоор усанд сэлж сурсан бөгөөд тэр үед хүүхэд живж байгааг хараад сандарсандаа шууд л ус руу орсон тухайгаа ярьсан байдаг юм. Сүүлийн үед бороо их орсны улмаас усны түвшин их нэмэгдсэн. Аялж зугаалахдаа хүүхдэдээ тавих анхаарлаа хором ч алдалгүй санаа тавьж, үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг аврагч хүү Ж.Тэмүүжин захиж байсан юм.