Эрдэнэтчүүд өчигдөр (2017.07.01) уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг хуульч залуугаар халхавч хийн 10 гаруйхан гэр бүл эзэмшилдээ авах гэж улайран дайрч байгааг эсэргүүцэж жагслаа. Монголчуудыг 40 жил тэжээсэн, саалийн үнээ гэгддэг Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг цөөн тооны эзэдтэй хувийн хэвшилд худалдсан явдал өнгөрсөн оны зургаан сард болсон. Энэ асуудал нь хуулийн хүрээнээс гарсан гэж үзээд УИХ-ын нэгдсэн чуулганаар төр өөрийн мэдэлд авах шийдвэр гаргасан юм.
Гэвч ард түмэн үр ашгийг хүртэх ёстой үйлдвэрийн хууль бус худалдан авалтын талаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа 49 хувийг ХХБ буюу хувийн мэдэлд өгөх ёстой гэсэн шийдвэр гаргажээ. Өнгөрөгч сарын 8-нд гарсан шүүхийн уг шийдвэрт нэхэмжлэгч тал болох “Монголиан коппер корпорейшн” буюу ХХБ-ны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзжээ. Энэ нь Монголчуудын тэр дундаа Эрдэнэтчүүдийн зэвүүцэл дургүйцлийг дээд цэгт нь тулгасан байна.
Тэд хууль шүүхийн байгууллага нэг хэсэг хүмүүсийн биш бүх нийтийн ашиг сонирхлыг хамгаалах учиртай. Хулгайчдад хууль үйлчлэх ёстой. Биднийг сонсохгүй бол Улаанбаатар хотод очиж тэмцлээ үргэлжлүүлнэ гэсэн байна. “Эрдэнэт үйлдвэр ард иргэдийн өмч” гэсэн хөдөлгөөнтэй нэгдэж байгаагаа Эрдэнэтийн иргэд гарын үсэг зурж баталгаажуулснаас гадна олон нийтийн эвсэл холбоод дэмжиж байгаагаа илэрхийлжээ.
Тэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж шүүх эрх мэдэлд нөлөөлж байна. Женко Х.Баттулгын жолооч байсан одоо ХХБ-ны эзэн болчихоод байгаа сахал хочит Д.Эрдэнэбилэг хамтарч Эрдэнэт үйлдвэрийг хувьдаа авахаар санаархаж байна гэж иргэд бухимдаж байгаа юм. Дашрамд дурдахад эрдэнэтээр наймаалцсан Д.Эрдэнэбилэг АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын сонгуулийн санхүүжилтийн багагүй хэсгийг гаргасан гэдэг нь өдгөө ил болоод буй. Өөрөөр хэлбэл Сонгуулийн санал хураалт явагдахаас өмнө баруун аймагууд руу их хэмжээний мөнгө тараахаар завдсан нь илчлэгдсэн.
Дээрх мөнгө Эрдэнэт үйлдвэрийг хувьдаа авахаар улайран дайрч байгаа сахал хочит Д.Эрдэнэбилэгийн эзэмшдэг Худалдаа хөгжлийн банкны тамга тэмдэг дардастай байсан юм. Анх Женко Х.Баттулгын жолооч хийж байсан Д.Эрдэнэбилэг хэрхэн энэ том банкны эзэн болов гэдэг нь ч иргэдийн дунд томоохон эргэлзээг төрүүлсээр байна.
1 comment
Монголын ард түмний өчнөөн олон жил бүтээж бий болгосон өмч хөрөнгийг Эба эрх мэдэл,мөнгөөр шүүхтэйгээ нийлж авахыг хэзээж зөвшөөрөхгүй.Эба үхэхдээ үхэр буугаа тавьна гэгч болохнээ.Өөрийн Албан тушаалтнуудыг шүүх,прокурор,тагнуул,АТГ-т хэрхэн тавьсан нь маш илт бн.