Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт маргааш 07.00-22.00 цагт болно. Санал хураалтаар гурван нэр дэвшигчээс хамгийн олон санал авсан нь буюу 50+1 хувиас дээш санал авсан нь Ерөнхийлөгчөөр сонгогдоно.
Харин аль ч нэр дэвшигч 50+1 хувийн санал аваагүй тохиолдолд олон санал авсан хоёр нэр дэвшигчийн хооронд хоёр дахь санал хураалт явуулах юм. Тэгвэл хоёр дахь санал хураалт явуулбал найм орчим тэрбум төгрөгийн зардал гарах тооцоотой байгааг СЕХ-ноос мэдээллээ.
Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулахад 26.9 тэрбум төгрөг зарцуулахаар баталсан. Харин хоёр дахь санал хураалт явуулбал, энэ зардал найман тэрбумаар нэмэгдэнэ гэсэн үг.
Энэ талаар СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран “Сонгуулийн сурталчилгааны үеэр цагаан сонголтын талаар их сонссон. Ингэж уриалж, ийм зохион байгуулалт хийж байгаа хүмүүс бусад сонгогчдынхоо эрхэнд халдаж байгаа гэсэн үг. Үүнд харамсаж байна.
Бид улсын төсвөөс мөнгө гаргаж, төрийн тэргүүнээ хуулийн хугацаанд сонгож, Үндсэн хуулиар олгогдох эрхээ эдэлж байгаа иргэд хэнээс ч хамаарахгүйгээр бие даасан сонголтоо хийх нь зөв. Цагаан сонголт хийх гэдэг нь сонгуульд сөргөөр нөлөөлөх гэсэн ажил.
Цагаан сонголт хийхгүй байх хэмээн иргэддээ итгэж байна. Олгогдож байгаа боломжийг ашиглаад өөрсдийн саналаа өгөх байх гэж бодож байна.
Сонгуулийн нүсэр ажил, зардал мөнгөө бодоод, олон албан хаагчдын ажлын үр дүнг иргэд хүндэтгэж, цагаан сонголт гэдгийг хийхгүй байх гэж сонгогчдод итгэж байгаа” хэмээн яриав.
Хэрвээ иргэд сонгуульдаа идэвхтэй оролцож, сонгуулийн ирцийг хүргэвэл бид 8 тэрбум төгрөгөөр юу хийж болох тооцооллыг хийж үзье.
800 хүүхдийн ирээдүй бидний идэвх, санаачлагаас хамаарах нь
НЭГТ: Тэгэхээр иргэд сонгуульдаа идэвхтэй оролцож, 8 тэрбум төгрөг хэмнэснээр 100 хүүхдийн 8 цэцэрлэг барих мөнгийг хэмнэх нь ээ. Цэцэрлэг барих тендер зарлагдсан байдлын үнийн дүнг дундажлаад үзэхэд 100 хүүхдийн нэг цэцэрлэг барих өртөг 1 тэрбум төгрөг болж байна. Тэгвэл бид энэхүү мөнгийг хэмнэж чадвал 8 цэцэрлэг барьж, 800 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулагдах боломжийг нээж өгч болж байна.
ХОЁРТ: 2020 онд Б.Болдсайхан эмч зүрхний хагалгаанд орох шаардлагатай 2000 хүүхэд байгаа бөгөөд санхүүжилт хүндрэлтэй байгаа тухай ярьсан байдаг. Тэгвэл Монголчууд бид сонгуульдаа идэвхтэй оролцож, 8 тэрбум төгрөгийг хэмнэж чадвал зүрхний хагалгааны зардлыг дааж 800 хүүхдэд зүрх бэлэглэх боломж байна.
Нэг хүүхдийн хагалгааны зардалд 10 сая төгрөг болдог байна. Үүн дээр нэмээд хагалгааны өртөг нв 15 сая. Хэрвээ хагалгааны зардал, өртөгийг хамтад нь шийдвэрлэвэл 8 тэрбум төгрөгөөрөө 320 хүүхдэд зүрх бэлэглэж болох нь ээ.
Тэгэхээр бид халааснаасаа мөнгө гаргаж чадахгүй ч, ухамсарт үйлдлээрээ шаардлагагүй зардлыг хэмнэж, бусад зүйлд зарцуулах боломжийг нээж өгөх нь жинхэнэ эх оронч үйлдэл байж ч болох юм.
Б.Ирээдүй