АХБ Монгол Улсад зориулсан 19 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн багцыг 5 дугаар сарын 28-нд батлав. Энэ нь “COVID-19”-ийн цар тахлын эсрэг үр дүнтэй, аюулгүй вакцин худалдан авч, иргэдээ дархлаажуулахад нь Монгол Улсад дэмжлэг үзүүлэх зорилготой юм.
Дээрх төслийг хөгжиж буй гишүүн орнуудынхаа вакцинжуулалтыг түргэн шуурхай, тэгш хүртээмжтэй дэмжих зорилгоор АХБ-наас өнгөрсөн оны 12 дугаар сард эхлүүлсэн Ази, Номхон далайн орнуудыг вакцинд хамруулах 9 тэрбум ам.долларын АПВАКС хөтөлбөрийн хүрээнд санхүүжүүлж байгаа юм.
“Халдварын цар тахал Монгол Улсын эдийн засаг, иргэдийн эрүүл мэнд, амьдрал ахуйд ихээхэн хэмжээний хохирол учруулаад байна” гэдгийг АХБ-ны ерөнхийлөгч Масацугу Асакава тэмдэглээд,31 “АПВАКС хөтөлбөрийн хүрээнд үзүүлэх дэмжлэг нь Монгол Улсын Засгийн газарт уян хатан санхүүжилтийг шуурхай олгох замаар нэн тэргүүнд вакцинжуулах шаардлагатай хүн амын бүлэг, тэр дундаа халдвар авах өндөр эрсдэлтэй хүмүүсийг вакцинд хамруулж, халдварт өвчний сөрөг нөлөөг бууруулж, цар тахлын үеэс тогтвортой сэргэхэд нь туслах юм” гэдгийг онцлон хэлж байна.
2020 оны эхээр “COVID-19”-ийн халдвар анх гарч эхлэхэд Монгол Улс шуурхай арга хэмжээ авч халдварыг дотооддоо алдалгүй сэргийлж чадсан. Гэсэн хэдий ч 2020 оны 11 дүгээр сард дотоодод халдвар тархаснаар эрүүл мэндийн тогтолцооны хүчин чадалд хүндрэл учруулж эхэлсэн юм. Цаашлаад Монгол Улсын эдийн засаг зогсонги байдалд орж, ДНБ 2020 онд 5.3 хувиар агшиж, нийт ажилчдын 5.4 хувь буюу 63,900 хүн ажлын байраа алдсан. Цар тахлын улмаас ядуурлын түвшин 2018 оны 28.4 хувиаc эрс нэмэгдэх төлөвтэй байна.
Монгол Улсын эрүүл мэндийн салбарт ажиллагсдын 82 хувийг бүрдүүлдэг эмэгтэйчүүд халдварын цар тахлын нөлөөлөлд тэгш бус байдлаар өртөж байгаа бөгөөд халдвар авах эрсдэл нь илүү өндөр байна. Мөн хямралын улмаас жендерт суурилсан хүчирхийллийн тохиолдол өсөж, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага болон түр хамгаалах байранд ирэх эмэгтэйчүдийн тоо эрс нэмэгджээ.
АПВАКС хөтөлбөрийн хүрээнд олгож буй АХБ-ны санхүүжилтээр худалдан авах вакцин нь Монгол Улсын Засгийн газрын Вакцинжуулалтын үндэсний төлөвлөгөөнд тодорхойлсон нэн тэргүүнд вакцинд хамруулах зорилтот бүлэг буюу нийт хүн амын дор хаяж 30 хувийг дархлаажуулахад дэмжлэг болно.
Үүнд, халдварын улмаас нас барах хамгийн өндөр эрсдэлтэй хүн ам болон тэргүүн эгнээнд ажиллаж буй 200 мянга орчим хүн орж байгаа юм. Түүнчлэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, архаг, хууч өвчтэй хүмүүс болон туслалцаа шаардлагатай байгаа нийгмийн эмзэг бүлгийн хүн амыг вакцинжуулалтад хамруулна.
АПВАКС төслийн нийт санхүүжилт нь 43.82 сая ам.доллар байх бөгөөд үүнд АХБ-наас олгож буй тус бүр нь 9.5 сая ам.долларын дүнтэй энгийн болон нэн хөнгөлөлттэй зээл багтаж байгаа юм. Эдгээр зээлийн гэрээнд АХБ-ыг төлөөлж Монгол Улс дахь Суурин төлөөлөгч ноён Павит Рамачандран, Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Б.Жавхлан нар гарын үсэг зураад байна. Төслийн хүрээнд Азийн Дэд Бүтцийн Хөрөнгө оруулалтын банк 21 сая ам.долларын хамтарсан санхүүжилтийг олгохоор төлөвлөөд байгаа бол Засгийн газрын зүгээс 3.82 сая ам.долларыг санхүүжүүлэх юм.
АПВАКС-ийн санхүүжилт нь АХБ-аас Монгол Улсад халдварын үед олгож буй олон талт, цогц дэмжлэгийн нэг хэсэг болж буй бөгөөд 1993 оноос хойш тус банкнаас Монгол Улсын эрүүл мэндийн салбарт олгосон олон тооны төслүүдийн, тухайлбал 7 зээл, 10 буцалтгүй тусламж, 19 техникийн туслалцааны төслийн туршлага, сургамжид суурилан хэрэгжинэ. Түүнчлэн шинжилгээний лабораториудад тоног төхөөрөмж нийлүүлэх, цар тахлын эсрэг вакцинжуулалт хийх чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх 5 сая ам.долларын буцалтгүй тусламжийг Ядуурлыг бууруулах Японы сангаас нэмэлтээр батлуулахаар АХБ ажиллаж байна.