ЗТХ-ийн сайд Л.Халтар энэ амралтын өдрүүдэд Өвөрхангай аймгийн Автотээврийн төв, тус аймгийн авто зам засвар арчлалтын “Өвөрхангай АЗЗА” ТӨХК-ийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж байна.
Тухайн орон нутгийн авто зам засвар арчлалтын компани 5 чиглэлийн 928,5 км замын засвар, арчлалтыг хариуцдаг байна. Үүнээс 284,2 км авто зам нь хатуу хучилттай, 644,3 км зам нь ердийн хөрс болон сайжруулсан хайрган зам аж. Энэ онд 1.7 тэрбум төгрөгийн засвар арчлалтын төсөв батлагдаж, одоогийн байдлаар засварын ажлын гүйцэтгэл 40 хувьтай, нийт 48 ажилтантай үйл ажиллагаагаа явуулж буйг компанийн гүйцэтгэх захирал Д.Лхам-Оролмаа танилцуулав.
Тус компани улсын болоод орон нутгийн олон арван км зам, модон гүүр, нийтийн эзэмшлийн зам талбай, зогсоол барьж ашиглалтад оруулж, ихээхэн бартаа саадтай даваа гүвээг засаж замжуулснаар малчдын олон мянган га бэлчээрийн ашигтай талбайг бий болгож малчдын отор нүүдэл хийх, аж ахуй эрхлэгчдийн хүнсний хангамжаа дээшлүүлэхэд хувь нэмэр оруулан ажиллаж байна.
Аймгийн автотээвэр, зам засварын ААН-үүдийн үйл ажиллагаатай орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн хамт танилцлаа.