Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнгөрсөн хөл хорионы хугацаанд Энхтайваны гүүрний хэв гажилтын засвар, явган хүний зам, хашлага, асар, гэрэлтүүлэг зэрэгт шаардлагатай засваруудыг хийх чиглэл өгсөн. Энэ дагуу засварын ажлыг хийсэн ч хил хаасантай холбоотойгоор явган хүний замын резинэн хучилтын түүхий эд дутаад байсан юм. Тэгвэл өнөөдрөөс дутуу үлдээсэн засварыг үргэлжлүүлэн хийж байна.
Хотын дарга засварын ажлыг хийхдээ чанар, стандарт, аюулгүй байдалд онцгой анхаарахыг үүрэг болгосны дагуу Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр ажлын явцыг шалгалаа. Тэрбээр “Хил гааль хаасан үед барилгын материал тасалдсан. Харин одоо дутаж байсан барилгын материалыг татан авч, явган хүний зам засварын ажлыг үргэлжлүүлж байна. Явган хүний замын хагарсан, бутарсан, овон товонтой хэсгийг дахин засварлаж, бетонон өнгөлгөө хийж тэгшилсэн. Мөн гүүрэн дээрх дөрвөн асрын гэрэлтүүлгийн ажил бүрэн дууссан. Бид явган хүний зам засварын ажил дуусахаар Улсын комисст хүлээлгэн өгнө” хэмээн ярьсан бол зам засварын ажлыг гүйцэтгэж байгаа “Тод манлай” ХХК-ийн менежер Ж.Төрбазар “Энхтайваны гүүрний явган хүний 400 метр замын засварын ажлыг манай компанийн 12 ажилтан гүйцэтгэж байна. Халтиргаанаас хамгаалах хучилт хийж, өнөөдөртөө хүлээлгэж өгнө” гэв.
Энхтайваны гүүрний явган хүний зам засварын ажил өнөөдөр дуусах юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС