Монголын Үндэсний Олимпын хорооны Гүйцэтгэх зөвлөл өнөөдөр хуралдаж Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ.
Тодруулбал, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн хурал өнөөдөр хуралдаж, Олимпын харти, ОУОХ-ны Ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйл, МҮОХ-ны дүрмийн 19 дүгээр зүйл болон 3.8 дугаар зүйлийг тус тус үндэслэн МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.
МҮОХ-ны ерөнхийлөгчийн ажлыг үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатарыг МҮОХ-ны үйл ажиллагааг дүрмийн дагуу, бүтцийн хүрээнд тасралтгүй явуулахыг үүрэг болгосон байна.
Эргэн сануулахад, МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үндэслэлээр дөрөвдүгээр сарын 3-ны өдөр Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж, мэдүүлэг авсан бөгөөд Н.Түвшинбаярыг “Хүний биед санаатайгаар хүнд гэмтэл учруулсан” гэмт хэрэгт яллагдагчаар татан, цагдан хорьж шалгаж байсан юм. Улмаар тавдугаар сарын 20-ноос түүнийг суллаж, холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэж дуустал Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлээд байсан юм.
Тэрбээр 2020 оны наймдугаар сарын 14-ний өдөр МҮОХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан юм.
Л.Баяр