Орчин цагийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага үүсэж, хөгжсөний түүхт 100 жилийн ойг угтан байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүргийг нэг мөр хэрэгжүүлэх, салбарын үйл ажиллагаанд мөрдөгдөж буй хууль, тогтоомжийн хэрэглээнд дүн шинжилгээ хийж, тулгамдаж буй асуудлыг нээн илрүүлэх зорилгоор “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагааны эрх зүйн шинэтгэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр зохион байгууллаа.
Эрдэм шинжилгээний хуралд Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, Дотоод хэргийн их сургууль, Монголын өмгөөлөгчдийн холбоо, төрийн болон төрийн бус байгууллага, хамтран ажилладаг их, дээд сургуулийн төлөөлөл, эрдэмтэн, судлаачид биечлэн ирж оролцсон бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа анги, байгууллагын удирдлага, алба хаагчид цахим хэлбэрээр оролцлоо.
Хуралд оролцогчид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүргийн хэрэгжилтийг боловсронгуй болгох, үйл ажиллагаанд тулгамдаж буй нэн даруй шийдвэрлэвэл зохих онол, практикийн олон чухал асуудлыг эрдэмтэн, судлаач, практик байгууллагын ажилтнуудын оролцоотой хэлэлцэж, шийдвэрлэх гарц, арга замын талаар санал солилцлоо.
Тус эрдэм шинжилгээний хурлын хүрээнд алба хаагчид, эрдэмтэн судлаачид, хамтран ажилладаг төрийн бус байгууллагын төлөөллийн боловсруулж ирүүлсэн илтгэлүүдээс сонгон нэгтгэж, эмхэтгэл болгон хэвлүүлж, нийтийн хүртээл болгосон. Энэхүү эрдэм шинжилгээний хурал нь зөвхөн шүүхийн шийдвэр гүйцэтгэл судлал төдийгүй хууль зүйн шинжлэх ухаан, аюулгүй байдал судлал, менежментийн чиглэлээр онол, арга зүйн ач холбогдол бүхий мэдээлэл, судалгаа, шинжилгээний үр дүнг хэлэлцэн байгууллагын эрх зүйн шинэтгэлийг төгөлдөржүүлэх, салбарын эрдэм судлалыг хөгжүүлэхэд түлхэц болох чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.