Нойргүйдэл гэж юу вэ?

Нойргүйдэл гэдэг нь унтах ёстой цагтаа унтаж чадахгүй байх, нойрсох хугацаа багасах унтсан ч амарч чадахгүй байх процессыг хэлдэг байна. Нойргүйдэл үүсэх маш олон шалтгаан бий. Тухайлбал ажлын хэт их ачаалал, стресс, сэтгэл гутрал зэргээс үүсэж болдог. Нэг сараас илүү хугацаанд үргэлжилсэн нойргүйдлийг архаг нойргүйдэл гэдэг ба анагаахад урт хугацаа шаарддаг. Нойргүйдлээс үүдэн ажлын бүтээмж багасаж, уур уцаартай болох, эргэн тойрондоо ч сөрөг уур амьсгал бий болгодог. Тиймээс нойргүйдлийг эрт үед нь анагаах хэрэгтэй.

Нойргүйдлийг эмчлэх хялбар аргууд

Таныг сэргэг байлгах зүйлсээс зайгаа барь!

1. Кофеин: Бид кофе болон кофеин агуулсан бүтээгдэхүүнүүд нойргүйдлийн эх үүсвэр гэдгийг мэддэг ч хэрэглэхгүй байж чаддаггүй. Шөнө сайхан амрахыг хүсэж л байвал унтахаасаа хоёр цагийн өмнө кофений төрлийн зүйл бүү уугаарай. Оронд нь ногоон цай, зөгийн балтай ус ууж хэвшвэл шөнө нойр сайн авахад туслах болно.

2. Никотин: Тамхи ердөө уушгинд нөлөөлдөг гэж бодож, өөрийнгөө тайвшруулах хэрэггүй. Тамхи таны амрах, нойр авахад сөргөөр нөлөөлдөг байна. Тиймээс унтахаасаа өмнө аль болох тамхи татахгүй байхыг хичээгээрэй.

3. Гар утас компьютер зэргээ өөрөө хол байлга: Нойр хүрэхгүй үедээ зурагт үзэж, гар утсаа оролдох нь таны тархийг улам ажиллуулж, унтах хүслийг багасгана. Тиймээс унтлагын өрөөндөө зурагт тавихгүй байх, интернэт эх үүсвэрээ орондоо орохоосоо өмнө салгаж хэвших хэрэгтэй.

Нойр хүргэх хялбар аргууд

Нойр сэргэхээс зайлсхийж, таны биеийн унтахад бэлэн болгодог хэд хэдэн заль бий.

1. Дасгал хийх: Мэдээж физиологийн бие махбодь ядарсан үед нойр хүрэх боломж ихэснэ.

2. Ном унших: Ном унших нь нойр хүрэхгүй байх үед гар утас, телевиз үзэхийн яг эсрэг арга юм. Таны тархи нэг юманд анхаарал төвлөрүүлэх үед тайвшрал мэдэрдэг бөгөөд нойр хүрэх мэдрэмж ч тайван байхад л төрөх юм.

3. Бясалга: Орондоо орсон хойноо биеэ суллан өдөр магадгүй амьдралд тохиолдсон хэцүү үйл явдлуудыг бүгдийг мартаад юу ч бодохгүй байхыг хичээж хэдэн минут бясалгаарай. Энэ нь таны бие мах бодыг болоод оюун ухааныг тайвшруулж, нойр хүрч сайхан амрах болно.

Шөнө сэрээд, эргэж унтаж чадахгүй байвал

1. Эргээд унтаж чадахгүй байвал орондоо хэвтээд байлгүй бос, ном унш, дасгал хий. Нэгэнт нойр сэргэсэн бол дороо хэвтээд нэмэргүй. Нойр зөвхөн ядарсан эсхүл тайвширсан үед л хүрнэ шүү дээ.

2. Шөнө сэрсэн үед амьдралд тохиолдсон элдэв зүйл, хийж байсан алдаа зэрэг бодогдоод унталгүй үүр цайх үе гарсан уу. Тийм үед босоод санаа зовнисон зүйлс, хийх ёстой ажлын жагсаалтаа гаргаж, хэрхэн шийдвэрлэх, хийж гүйцэтгэхээ бичиж тэмдэглээрэй. Санаа зовох зүйл бага бол нойр хүрэх магадлал их.

3. Цагаа харахгүй бай. Шөнө сэрсэн хойноо эргээд унтаж чадахгүй байх үедээ дахин, дахин цагаа харж, одоо хэдхэн цаг л унтаж болох нь гэх мэт зүйлс бодож санаагаа зовоох нь нойрыг тань улам л үргээдэг аж. Цагаа, гар утсаа орноосоо аль болох хол байлгаарай.

 

Л.Баяр

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн