ОХУ-аас Хятад улсад нийлүүлэх “Сибирийн хүч-2” хий дамжуулах хоолойн манай Улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх хэсгийг тавих маршрутыг “Газпром” компани Монголын талтай тохиролцож, төслийн техник-эдийн засгийн судалгааны дүнг баталсан талаар TASS.RU мэдээлжээ.
Энэ тухай “Газпром экспорт” компанийн ерөнхий захирал Елена Бурмистрова “Одоогийн байдлаар Оросын “Сибирийн хүч-2” хий дамжуулах хоолойн Монголын нутгаар дайран өнгөрөх хэсэг болох “Союз Восток” хоолойн төслийн техник-эдийн засгийн судалгааг батлаад байна” гэж мэдэгдсэн байна.
“Сибирийн хүч-2” хий дамжуулах хоолойн Монголын нутгаар дайран өнгөрөх хэсгийн зураг төсөл-хайгуул шинжилгээ, техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах “Газопровод Союз Восток” хэмээх тусгай зориулалтын компанийг Монгол Улсад энэ оны эхээр бүртгүүлсэн байна
ОХУ-ын “Газпром” компани болон Монгол Улсын Засгийн газар харилцан ойлгоцлын санамж бичигт 2019 оны 12 дугаар сард гарын үсэг зурсан билээ. Энэхүү санамж бичгийн хүрээнд хамтарсан ажлын хэсэг байгуулсан бөгөөд ажлын хэсгийн 2021-2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг 2021 оны гуравдугаар сарын 11-нд баталжээ.
“Сибирийн хүч-2” хий дамжуулах хоолойн экспортын хүчин чадал “Сибирийн хүч-1”-ээсээ 1.3 гаруй дахин давж магадгүй байна. Энэ нь Оросын байгалийн хийг Баруун Сибириэс баруун төдийгүй зүүн чиглэлээр их хэмжээгээр экспортлох боломжийг олгоно гэж “Газпром” өмнө нь мэдээлж байсан юм.
Б.Ирээдүй