ҮСХ-оос Хүн ам орон сууцны 2020 оны ээлжит тооллогыг статистикийн тухай хууль, хүн ам орон сууцны улсын тооллогын тухай хууль болон НҮБ-аас гаргасан зөвлөмжийн дагуу амжилттай зохион байгуулжээ. Хүн ам орон сууцны 2020 оны тооллогын дүнгээр Монгол Улсын хүн ам 3,296,866, өрхийн тоо 897,427 боллоо. Өөрөөр хэлбэл Монгол Улсын хүн ам өмнөх тооллогоос буюу 2010 оноос хойш жилд дунджаар 2,2 хувиар өсчөө.
Танилцуулбал:
-Монгол Улсын хүн ам насны бүтцийн хувьд залуу хэвээр байна. Тодруулбал, Монгол Улсын нийт хүн амын 31,5 хувийг 0-14 насны хүүхэд, 64,4 хувийг 15-64 насны хүн ам, 4,1 хувийг 65 ба түүнээс дээш насны хүн ам эзэлж байна.
-Хүн амын ачааалал буюу хөдөлмөрийн насны 100 хүн тутамд ногдох хүүхэд ахмад настан зэрэг тэжээлэгч хүн амын тоо 55,3 байна.
-Хүн амын голч нас 27,9 болсон нь сүүлийн 30 жилд голч нас арван насаар нэмэгдсэнийг илэрхийлж байна.
-Монгол Улсын нийт хүн амын 3,7 хувь буюу 122 мянган хүн гадаадад зургаа ба түүнээс дээш сарын хугацаагаар оршин сууж байна.
-Нийт хүн амын 46 хувь Улаанбаатар хотод, 19 хувь хангайн бүс, 16 хувь төвийн бүс, 13 хувь баруун бүс, долоон хувь зүүн бүсэд оршин сууж байна.
-Хүн амын аймаг, нийслэл хоорондын шилжигч хөдөлгөөнд оролцогчид нийт суурин хүн амын 23 хувийг эзэлж байгаа нь өмнөх тооллогын дүнгээс буурчээ. Шилжилт хөдөлгөөнд оролцогчдын талаас илүү хувь нь Улаанбаатар хот руу шилжиж ирсэн байна.
-Монгол Улсын хэмжээнд 106,4 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа нь нийт суурин хүн амын 3,3 хувийг эзэлж байна.
-15 түүнээс дээш насны хүн амын 98,7 хувь бичиг үсэг тайлагдсан байна.
-10 түүнээс дээш насны хүн амын 95,1 хувь ямар нэг түвшний боловсролтой байна.
-Улсын хэмжээнд өрхийн ам бүлийн дундаж тоо 3.6 байна.
-Анхны гэрлэлтийн дундаж нас 27,7 болжээ.
Л.Баяр