Энэ талаар өнөөдөр УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Ж.Сүхбаатар, Б.Энхбаяр, Б.Жаргалмаа, Ц.Сандаг-Очир, Х.Ганхуяг, С.Бямбацогт, С.Одонтуяа нар мэдээлэл хийлээ.
Өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын урилгаар УИХ-ын дарга Г.Занданшатар болон нийслэлийн есөн дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд нийслэлийн удирдлагуудтай уулзсан. Энэ үеэр Хотын дарга 2021-2024 онд Улаанбаатар хотод хийж, хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын ажил, төсөл, хөтөлбөр болон эрх зүйн орчинд өөрчлөлт орж байгаатай холбогдуулан нийслэлийн төсөв, санхүүд тулгарч буй асуудлын талаар гишүүдэд танилцуулсан юм. Нийслэлийн удирдлагуудтай уулзах үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар Нийслэлээс сонгогдсон гишүүдийн Түр хороо байгуулах санал гаргасан юм. Үүнийг нийслэлийн есөн дүүргээс иргэдийн итгэлийг хүлээн, сонгогдсон 22 гишүүн дэмжин, хотын хөгжлийн төлөө хүчээ нэгтгэн Нийслэлээс сонгогдсон гишүүдийн Түр хороо байгуулах тогтоолын төслийг санаачлан, өргөн барьж буй юм.