Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар нийслэлийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж байна. Энэ үеэр Барилга Хот байгууллатын сайд Б.Мөнхбаатар орон сууцны хүртээмж, ипотекийн зээлийн төслийн талаар мэдээлэл өглөө.
Тэрээр “Засгийн газраас 10 их наяд хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ипотекийн зээлийн хүртээмжийг хоёр дахин нэмэгдэн, иргэд орон сууцанд хамрагдах бололцоо илүү гарч байна. Ингээд Тавдугаар сарын 17-ны байдлаар 271 тэрбум ипотекийн зээлийг 3944 өрхөд олгоод байна. Өнгөрсөн жилийн хугацаанд 5644 хүн л хамрагдаж байсан энэ жило нэлээд эрчтэй нэмэгдэх хандлагатай явж байгаа юм.
Мөн Сангийн яам болон Монголбанк, Зээлийн батлан даалтын сантай хамтран ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийн 15 хувийг батлан даалтын сангаас гаргах механизмын талаар бид судалж байна. Ингэснээр 30 хувийн урьдчилгааны 15 хувийг Зээлийн балтан даалтын сангаас олгох бол үлдсэн 15 хувийг тухайн иргэн өөрөө төлснөөр орон сууцны зургаан хувийн хүүтэй зээлд хамрагдах өрхийн тоо нэмэгдэнэ. Шууд 30 хувийн урьдчилгаа төлөөд орох боломжтой хүмүүсийн тоо хязгаарлагдмал байгаа юм. Тиймээс бид ойрын хугацаанд Зээлийн батлан даалтын сангаас баталгаа гаргах асуудлыг хэрэгжүүлж иргэдийг хамруулах боломжийн талаар судалж байна” гэлээ.
Л.Баяр