Вакцин бол ХХ зуунд анагаах ухааны салбарт гарсан онцлох 10 нээлтийн нэг нь юм. Вакцин хэрэглэж эхэлснээс хойш дэлхий дахинд 20 гаруй өвчнийг устгаж, жилд дунджаар 2 сая хүүхдийн амь нас эрсдэхээс сэргийлж байна. Халдварт өвчнийг бороо гэж үзвэл вакцин шүхэр юм гэж ярьдаг.
Дэлхий дахиныг хамарч удаан хугацаагаар үргэлжилж буй анхны цар тахал дэгдээд байна. Үүнтэй холбоотойгоор жил гаруйн хугацаанд коронавируст халдварын эсрэг вакцин бүтээгдлээ. Одоогоор ДЭМБ-аас таван вакцинд яаралтай горимоор хэрэглэх зөвшөөрөл өгөөд хэрэглэж байгаа. Вакцинжуулалтын үр дүнд нь халдвараас сэргийлэх, эндэгдэл багатай даван туулах боломж бүрдэх юм.
Манай улсад хэрэглэж буй Синофарм үйлдвэрийн Vero Cell вакцины хувьд идэвхгүй буюу микроб хор байхгүй учраас гаж урвал үзүүлэхгүй. Гэхдээ хавсарсан эмгэг байвал тухайлбал, зүрх судасны өвчин, зүрхний дутагдал, амьсгалын дутагдалтай хүмүүст хариу урвал илүү мэдрэгдэнэ. Тиймээс биеийн байдлаа бодитоор эмчид хэлэх ёстой. Жижиг гэлтгүй бүх зовууриа заавал хэлээд вакцин хийлгэх эсэхээ шийднэ гэж ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийг хамгаалах газрын ахлах мэргэжилтэн Д.Нарангэрэл өнөөдрийн ЭМЯ-ны мэдээллийн үеэр хэллээ.
Л.Баяр