УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хуралдааанд Тусгай хамгаалалттай газар нутгийн талаар БОАЖ-ын сайд Н.Уртнасан мэдээлэл хийв.
Улсын хэмжээнд
- 13.8 сая га талбай бүхий дархан цаазат газар 22,
- 13.2 сая га талбай бүхий байгалийн цогцолборт газар 36,
- 5.7 сая га бүхий байгалийн нөөц газар 48,
- 0.1 сая га газар бүхий дурсгалт газар 14 нийт 120 газар, 32.8 сая га газрыг тусгай хамгаалалтад авсан байна.
Өнөөдрийн байдлаар Ноён уулын дархан цаазат газарт хилийн заагийн тэмдэг тэмдэглэгээ байршуулах ажлыг эхлүүлээд байна. Энэ ондоо багтаан Ноён уулын дархан цаазат газрын дотоод бүсчлэл (Онгон бүс, хамгаалалтын бүс, хязгаарлалтын бүс)-ийг тогтооно. Ноён уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа байгуулах зардлыг 2022 оны төсвийн төсөөлөлд тусгахаар санал боловсруулан ажиллаж байна гэж байлаа.
2021 онд Архангай, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Увс зэрэг 6 аймгийн 25 сумдын нутаг дэвсгэрийг хамарсан, дархан цаазат газрын ангиллаар 1, байгалийн цогцолборт газрын ангиллаар 3, дурсгалт газрын ангиллаар 3, байгалийн нөөц газрын ангиллаар 5 нийт 1.8 сая га талбай бүхий 12 газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авахаар ажиллаж байгааг салбарын сайд Н.Уртнасан мэдээлэлдээ онцоллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.