Өнөөдөр Олон улсын музейн өдөр тохиож байна. Улс орны өв соёл, түүхийг хадгалж хамгаалах, ирээдүй хойчид нь өвлүүлэх, танин мэдүүлэх үйл ажиллагаа явуулдаг байгууллага бол музей юм.
Улаанбаатар хотын төв хэсэгт байрлах нэгэн музей бол Чойжин ламын сүм музейг юм. Энэ өдрийг тохиолдуулан “Зүүм тодруулга” буландаа Чойжин ламын сүм музейн тайлбарлагч Ц.Хандмааг оролцууллаа.
YIII Богд хааны төрсөн дүү Лувсанхайдав нь “Чойжин лам” гэдэг нэрээр олонд танигдсан хүн бөгөөд тус сүм нь түүний нэрээр 1908 онд баригджээ. Хувь хүний төлөө байгуулсан, улааны шашны сүм бөгөөд 1936 он хүртэл хурал номын үйл ажиллагаа явагдаж байгаад 1938 онд хаагдсан. 1942 оноос шашны музей болсон бөгөөд одоо энэ музей 5 хэсэг танхимаас бүрддэг.
Чойжин ламын сүм музейн Монгол нэр нь “Өршөөлийг хөгжүүлэгч сүм” хэмээдэг. YIII Богд шарын шашны хүн байсан хэдий ч улааны шашныг хүлээн зөвшөөрдөг байсан учраас энэ хийдэд сар бүр 4-5 удаа ирдэг байжээ.
YIII Богд гэгээний төрсөн дүү Лувсанхайдав нь 1872 онд Түвдийн Шолао хэмээх газарт Гончигцэрэнгийн 5 дугаар хүү болон төрж 1874 онд хоёр настайдаа Монголд иржээ. 1883-1884 онд Богд гэгээний багш Балданчоймбол хэмээх Ёнзонхамба Лувсанхайдавт Чойжин сахиус оршиж байна хэмээн тодорхойлоод Түвдээс тусгайлан Чойжин Сэтэв ламыг урьж Лувсанхайдавыг Чойжин болгох замд нь оруулж, Хүрээний Монгол лам Лувсанпэлжээгээр Чойжин буух бүх уншлага ном заалгажээ. Энэ лам дараа нь Чойжин буух үед нь хэлмэрч хийж өгдөг Гомбо буюу Сойвон лам нь болжээ. Лувсанхайдавыг анхны удаа Чойжин буухад нь YIII Богд гэгээн залран ирж үзээд хадаг барьж хүндэтгэл үзүүлжээ. Дараа нь Богд хаант Монгол улсыг байгуулсны дараа “Монголын шашны гол Чойжин сахиулсан ариун явдалт, чин сүсэгт гүртэмбэ, гүжир хамба эрдэнэбилэгт, тунгалаг бишрэлт хутагт” хэмээх цол, хутагтын тамга, чойжин сахиусны тамга, өршөөлийг хөгжүүлэгч сүмийн тамга зэргийг тус тус шагнажээ. Лувсанхайдавын “Чойжин буух” зан үйлд нь зориулж Занхан сүмийг барьсан бөгөөд сард зургаагаас доошгүй удаа Чойжин буудаг байжээ. Тэрээр 1918 онд Чойжин бууж байх үедээ ухаан алдан унаж жанч халсан юм.
М.Лхагвабаяр