Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн Монголбанкны 2020 оны үйл ажиллагааны тайланг сонсов. Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хуралдаанд тайлангаа танилцууллаа.
Өнгөрсөн 2020 онд эдийн засаг, нийгмийн амьдралд олон өөрчлөлт гарч, хүнд сорилттой жил байсныг тайлангийн эхэнд тэрбээр дурдав. Монгол Улсын эдийн засаг 2020 оид 5.3 хувиар агшиж, эдийн засгийн бус шалтгаантай хямралын жил болсон. Ковид-19 цар тахал бүх улс, бүх салбар, бүх хүний амьдралд нөлөөлж байгаа хэдий ч 2020 онд хүлээгдэж байсан эдийн засаг, санхүүгийн салбарын олон том сорилтуудыг даван гарсан гэв. Тухайлбал, цар тахлын үед эдийн засаг, банк, санхүүгийн салбарт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах, иргэд, бизнес эрхлэгчид, санхүүгийн байгууллагуудад учирч буй санхүүгийн хүндрэл, дарамтыг зөөлрүүлэх зорилгоор шаардлагатай арга хэмжээг олон улсын туршлага, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлсэн гэв. Мөчлөг сөрсөн хэлбэрээр мөнгөний бодлогын төлөвийг зөөлрүүлж, 2020 онд бодлогын хүүг 11 хувиас бууруулж түүхэн доод түвшин болох 6 хувьд хүргэсэн юм. Бодлогын эдгээр арга хэмжээ нь цаашдын эдийн засгийн сэргэлт, зээлийн хүүгийн бууралтад шууд нөлөөтэй болохыг дурдсан. Мөн манай улс Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага (ФАТФ)-ын “Саарал жагсаалт”-аас богино хугацаанд гарсан талаар тайланд дурджээ. Монгол Улсыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлтэй улс орнуудын “Хар жагсаалт”-аас хасах шийдвэрийг Европын Комиссоос гаргаад байгааг дуулгасан. Түүнчлэн цар тахал эдийн засагт хүнд цохилт болж байгаа хэдий ч төгрөгийн гадаад валюттай харьцах ханш тогтвортой байгааг онцолсон. Үүнд, Монголбанкны алтны худалдан авалт нэмэгдсэн, гадаадын шууд хөрөнгө оруулалт өмнөх оны түвшинд хадгалагдсан, олон улсын санхүүгийн байгууллага, доноруудын том дүнтэй санхүүжилт орж ирсэн нь гол нөлөө үзүүлсэн болохыг тайланд дурдсан юм. Олон секторт нүүр тулж байсан богино хугацааны гадаад өрийн дарамтыг бууруулжээ. Тодруулбал, БНХАУ-ын Ардын банктай байгуулсан мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн хугацааг дахин гурван жилээр сунгасан, 600 сая ам.долларын нэрлэсэн үнэ бүхий “Номад” бондыг амжилттай арилжаалж “Чингис”, “Мазаалай” бондыг дахин санхүүжүүлжээ.
Тайлант онд Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг амжилттай дуусгаж, олон улсын санхүүгийн байгууллагууд, доноруудтай хамтын ажиллагаагаа амжилттай үргэлжлүүлж байгааг Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч танилцуулав. Монголбанк дунд хугацаанд баримтлах стратеги, бодлого, хөтөлбөрийг эрх бүхий байгууллагуудтай хамтран батлан гаргаж, хэрэгжүүлж эхэлсэн гэв. Улсын Их Хурлаас “Зээлийн хүүг бууруулах стратеги”, “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл”-ийг, Монголбанкнаас “Эрүүл, найдвартай, ил тод, нээлттэй, олон нийтийн хяналттай, харилцагчид хүртээмжтэй, үр ашигтай банкны тогтолцоог бий болгох банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөр”-ийг баталсан юм. Эдгээр баримт бичгүүд нь харилцан уялдаатай, эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хадгалахад чиглэж байгааг дурдсан. Энэ хүрээнд инфляцийн зорилтыг 2021 оноос эхлэн 6 хувь болгон шинэчилж, банкуудын зээлийн жигнэсэн дундаж хүүг 2023 оны эцэст жилийн 12 хувьд хүргэж бууруулах зорилт тавьжээ. Энэ 2020 онд инфляци дунд хугацааны зорилтот түвшинд байж, шинээр олгосон зээлийн дундаж хүү 1.2 нэгж хувиар буурч, Монголбанкинд тушаасан алтны хэмжээ түүхэн рекорд түвшин болох 23.6 тоннд хүрч, гадаад валютын албан нөөцийн хэмжээ 4.5 тэрбум ам.долларын босгыг давсан байна.
Цар тахлын улмаас бодит эдийн засаг агшиж, банк. санхүүгийн салбарт эрсдэл хуримтлагдах төлөв үүссэнийг харгалзан Монголбанкнаас иргэд, аж ахуйн нэгжүүдийг хамгаалах, банкны системийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн арга хэмжээнүүдийг шуурхай хэрэгжүүлж ажилласан байна. 2020 оны гуравдугаар сард “Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”-д онцгой нөхцөл байдал үүссэн хугацаанд мөрдөх нэмэлт, өөрчлөлтийг оруулахын зэрэгцээ эргэн төлөлт нь доголдсон зээлүүдэд бүтцийн өөрчлөлт хийж, төлбөрийн хугацааг хойшлуулахаар шийдвэрлэжээ. Үүний үр дүнд, тайлант оны эцсээр төлбөрийн хүндрэлд орсон 141,171 зээлдэгчийн 1.27 их наяд төгрөгийн хэрэглээний зээл, 2.540 ААН-ийн 2.8 их наяд төгрөгийн бизнесийн зээл. 44,956 өрхийн 2.3 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулжээ.
Ирж буй 2021 онд сорилт үргэлжлэх хэдий ч, эдийн засгийн цаашдын төлөв эерэг гэгээтэй байгааг Монголбанкны ерөнхийлөгч тайлангийн төгсгөлд дуулгав. Ковид-19-ийн вакцинууд гарч, улс орнуудад вакцинжуулалт эхлээд байгаа тул глобал эдийн засгийн сэргэлт үргэлжлэх төлөвтэй байгаа гэв. Төсөв, мөнгөний бодлогын дотоод эдийн засгийг дэмжихэд чиглэсэн арга хэмжээний үр нөлөө ч цаашид нэмэгдэнэ гэв. Үүний үр дүнд эдийн засаг алгуур үргэлжлэн сэргэж, ирэх жил 6 орчим хувиар өсөх, инфляц зорилтот түвшинд хадгалагдах, төлбөрийн тэнцлийн дарамт бага байх магадлалтай гэж үзжээ. Энэхү эдийн засгийн сэргэлт, түүний иргэн, аж ахуйн нэгж бүрт очих үр нөлөө нэмэгдэхэд төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, сорилтыг боломж болгох итгэл, манлайлал чухал үүрэг гүйцэтгэнэ хэмээн үзэж байгаагаа хэлсэн. Монгол Улсын эдийн засаг цаашид эрчимтэй өснө хэмээн үзэж Монголбанк эдийн засгийг дэмжих, тогтвортой байлгахад чиглэсэн санхүүгийн таатай орчныг бүрдүүлэх бодлого, арга хэмжээг үргэлжлүүлэн авч хэрэгжүүлнэ гэв.
Монголбанкны 2020 оны үйл ажиллагааны тайлантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Ц.Цэрэнпунцаг, Ж.Бат-Эрдэнэ, Б.Баттөмөр, С.Чинзориг, Ж.Ганбаатар нар асуулт асууж, Монголбанкны ерөнхийлөгчөөс хариулт, тайлбар, мэдээлэл авсан бол тайлан, мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Ж.Ганбаатар нар үг хэлсэн. Ийнхүү Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.