Айлын хашаанд байсан байлдааны зориулалттай бөмбөгийг Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн зургаан хүний бүрэлдэхүүн устгалд оруулсан талаар Багахангай дүүргийн Цагдаагийн Хэлтэс цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.
Энэ сарын 2-ны өдөр Багахангай дүүргийн 2 дугаар хороонд айлын хашаанд байлдааны зориулалтай бөмбөг байна гэх мэдээллийн дагуу тус дүүргийн Цагдаагийн хэлтэс хамгаалалтанд авч, аюулгүй байдлыг хангасан байна.
Ингээд өнөөдөр /2021.05.11/ Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн 6 хүний бүрэлдэхүүнтэй устгалын бүлэг айлын хашаанаас бөмбөгийг тээвэрлэн суурин газраас 5 км орчим зайд гарган устгах ажлыг зохион байгуулж аюулгүй болгосон байна.
Тус бөмбөг нь ПАБ-150 загварын байлдааны зориулалтай нисэх онгоцны бөмбөг бөгөөд бөмбөгний хөнөөлийн радиус (тойргийн хэмжээ) нь 1км, 2 дугаар хорооны хэсгийг бүрэн устгах чадвартай байсан байна.
Цаашид байлдааны зориулалттай тэсэрч дэлбэрэх зүйл болон байрлалын талаарх мэдээ, мэдээллийг холбогдох байгууллагад мэдэгдэж өөрийн болон иргэдийн амь нас, аюулгүй байлыг хангах талаар хүн бүхэн анхаарч сэрэмжтэй байхыг Багахангай дүүргийн цагдаагийн хэлтэсээс анхааруулав.
Н.Батаа