Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы хамгаалагчдыг Хамбург хотод болох “G-20”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцуулахгүй. Германы ГХЯ-ны хэвлэлийн нарийн бичгийн дарга Мартин Шефер энэ тухай “Эдгээр хамгаалагч Эрдогантай хамт ирэхгүй” хэмээжээ.
Америкийн цагдаагийн газраас ч энэ сарын 15-нд Туркийн Ерөнхийлөгчийн хувийн аюулгүй байдлын албаны есөн ажилтан, гурван цагдааг баривчлах шийдвэр гаргасан юм. Учир нь Эрдоганы хамгаалагчид тавдугаар сарын 16-нд Эрдоганыг Вашингтонд айлчлах үеэр Туркийн ЭСЯ-ны ордны дэргэд жагсагчидтай үймээн үүсгэж, есөн хүнийг бэртээсэн билээ.