Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох, долоо дахь удаагийн сонгуулийн дүнгээр МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 411 519 сонгогчын санал, Х.Баттулга 517 330 сонгогчын санал, С.Ганбаатар 409 977 сонгогчийн санал авч, нэр дэвшигчдийн хэн нь Сонгуулийн хуульд заасан ялагчийг тодруулахад хүрсэн байх ёстой 50+1 хувийн саналыг авч чадсангүй. Мэдээ мэдээллийн updown.mn сайт ялагчгүй сонгуулийн талаар хэн юу хэлснийг багцлан хүргэж байна.
Сурталчилгаа сонгогчдын урмыг хугалав
(Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн ажиглагчаар ажилласан Европын парламентын төлөөлөгчдийн тэргүүн Лайма Андрикиене)
-Ил тод байдал, хариуцлагын талаарх сонгуулийн сурталчилгааны санхүүжилтийг зохицуулсан хууль тогтоомжоор авлигатай холбоотой асуудлуудтай тэмцэх нөхцөл боломжийг олгоогүй байна. Энэ асуудлыг хөндөхдөө нэр дэвшигчид нь харилцан бие биенээ буруутгаж байсан нь сонгогчдод үнэмшихүйц мэдээлэл болж чадсангүй. Тиймээс сонгуулийн сурталчилгаа нь сонгогчдын урмыг хугалж, ялангуяа залуучууд саналаа өгөхдөө хойрго байлаа. Нэр дэвшүүлэх талаар тавьсан хуулийн хоригууд нь жирийн сонгогчийг энэ сонгуульд идэвхтэй оролцоход тус болсонгүй.
Саналын хуудас тоолохыг би дэмжиж байгаа
Нэр дэвшигч М.Энхболд: Сонгуулийн сурталчилгааны энэ өдрүүд миний уриалгын дагуу болж чадсангүй. Энэ сонгууль гутаан доромжилсон, эвлүүлэг хэтэрсэн, орон нутагт тэрбум тэрбумаар нь мөнгө тараасан, гадаадаас сая саяар нь мөнгө авсан сонгууль боллоо. Сонгуулийн дараа МАН руу дайрах хандлага бусад улс төрийн хүчнээс гаргаж байсан. Сонгуулийн саналын хуудсыг тоолъё гэдгийг би дэмжиж байгаа. Эргэлзээ байгаа бол бид хамтраад шалгасан ч болж байна. Сонгуулийн Ерөнхий Хороог шалгая, хардлага сэрдлэгийг шалгая гэж байгаа бол бид хамтрахад бэлэн байна.
СЕХ эрх баригчдад үйлчилж байна
Нэр дэвшигч Х.Баттулга: Илт давуу ялалтыг хүлээн зөвшөөрөх ёстой байсан боловч хуулийн 50+1 гэсэн хатуу заалтыг баримталж дахин санал хураалт явуулахаар болж байна. Наадам сонгууль хоёрыг зэрэг хийнэ гэдэг бол ирц хүргэхгүй гэсэн башир арга. Сонгуулийн ерөнхий хороо эрх баригчдад үйлчилж байна. Ямар ч байсан бидэнд итгэж байгаа Монголчуудынхаа итгэлийг алдахгүй.
Бид СЕХ-нд хандаж, саналыг тоолох болно
Нэр дэвшигч С.Ганбаатар: Монголын ард түмэн өнөөдөр хулгайчгүй төртэй баймаар байна. Үүний төлөө олон ард иргэд зүтгэж, тэмцэж байгаа. Энэ хүмүүсийн өмнөөс, энэ луйврын үр дүнтэй эвлэрч болохгүй. СЕХ бол луйварчдын гар хөл болж, илбэ үзүүлдэг байгууллага болж. Тусгаар тогтнол, язгуур эрх ашгийнхаа төлөө энэ ёс зүйгүй үйлдлийг хүлээн зөвшөөрч болохгүй. СЕХ 35 000 амьгүй албатыг бий болгосон. Бид СЕХ-нд хандаж, саналыг тоолох болно. Дараа дараагийн олон сонгууль Монголын ард түмний төлөө байх баталгааны төлөө тэмцэх болно.
Энэ улс удирдагч ангийг идсэн авилгал, хээл хахуулиас бол хагаралтай болсон
Associated Press: Гучин жилийн өмнө коммунист дэглэмээс салсан гурван сая хүнтэй энэ улсын ардчиллын баянбүрд болсон хэдий ч удирдагч ангийг идсэн авилгал, хээл хахууль, эдийн засгийн хямралаас болж улс төрийн хувьд багагүй хагаралтай болсон. Өнгөрсөн онд болсон Парламентын сонгуулиар бүрэн ялалт байгуулсан Монгол Ардын намын удирдагч, УИХ-ын дарга Миеэгомбын Энхболд, Ардчилсан намаас бизнесийн магнат Халтмаагийн Баттулга, гуравдагч хүчин болох Монгол Ардын Хувьсгалт намаас Сайнхүүгийн Ганбаатар нар Монгол Улсын дараагийн Ерөнхийлөгчөөр сонгогдох юм. Гэхдээ Ганбаатарын хувьд Өмнөд Солонгосын иргэнээс хандив авсан бичлэг нь ил болсноос болж сонгогдсон ч хүлээн зөвшөөрөгдөх эсэх тал дээр асуудалтай.
Аймшигтай кампанит ажлын дараах Ерөнхийлөгчийн сонгууль
Bloomberg: Монгол Улс одоогийн байдлаар эдийн засгийн хүндрэлтэй үеэ туулж байгаа. Харин тус улсын Ерөнхийлөгчийн сонгууль үнэхээр бохир кампанит ажлын дараа болж өнгөрлөө. Улсын Их хурлын дарга, эрх баригч намын дарга Миеэгомбын Энхболд, томоохон бизнесмен Халтмаагийн Баттулга, УИХ-ын гишүүн асан Сайнхүүгийн Ганбаатар долоо дахь Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байна. Гурван сая иргэнтэй Монгол Улсад санал хураалт даваа гаригийн оройн арван цагт дуусах юм. Энхболдын МАН эдийн засгийн уналтыг зогсоох зорилготой ажиллаж байгаа ажээ.
Сөрөг мэдээллийг нь хасчихвал Монголын Ерөнхийлөгчийн сонгуулиас юу ч үлдэхгүй
Intellinews: Зургадугаар сарын 26-нд болох энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил оффшор хаяг, төрөл бүрийн бичлэгээр эхэлсэн хамгийн бохир гэдгээрээ онцгойрч байна. 1990 оны ардчилсан тайван хувьсгалын дараа тус улс долоо дахь удаагаа Ерөнхийлөгчийн сонгууль явуулж байгаа юм. Нийслэл Улаанбаатар хотын засаг дарга асан, УИХ-ын дарга, эдийн засагч Энхболд, бизнесмен, жудогийн од Баттулга, УИХ-ын гишүүн асан Ганбаатар нар монголын дараагийн Ерөнхийлөгч болно.
Санал тоолох машины дүн болон гараар хянаж тоолсон дүнд зөрүү гараагүй
“Шударга сонгуулийн төлөө” иргэний нийгмийн хяналт сүлжээний 100 гаруй ажиглагчдын хэвлэлийн хурал (2017.06.28) : Улаанбаатар хотын зургаан дүүргийн 50 хэсгийн хороонд явуулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтад техникийн тооллого хийхэд сонгуулийн дүнд нөлөөлөхүйц ноцтой зөрчил гараагүй. Ажиглалтад хамрагдсан 50 хэсгийн хорооноос 86 хувьд санал тоолох үйл ажиллагаа нээлттэй ил тод явагдсан. Техник тооллого дунджаар 1 цаг 30 минутын дараа эхэлсэн ба дунджаар 3-8 цаг үргэлжилжээ. Техникийн тооллого хийгдсэн хэсгийн хороод дээр санал тоолох машины дүн болон гараар хянаж тоолсон дүнгийн зөрүү гараагүй.
Бэлтгэсэн Д.ХАЛИУН