Канад улс COVID-ын вакциныг 12-15 насны хүүхдүүдэд хийхийг зөвшөөрсөн дэлхийн анхны улс болов. Тун удахгүй АНУ энэ жишгийг дагах төлөвтэй байна.
Канадын Эрүүл мэндийн салбараас BioNTech-Pfizer-ийн коронавирусийн вакциныг 12-15 насны хүүхдүүдэд хийхийг зөвшөөрлөө. Канадын ЭМЯ-ны эрүүл мэндийн ерөнхий зөвлөх, доктор Суприя Шарма үүнийг баталлаа.
Өмнө нь уг вакциныг 16-аас дээш насныханд хийхийг зөвшөөрсөн аж. Ингээд Канад улс 16-аас доош насны хүүхдүүдэд коронавирусийн вакцин ашиглахыг зөвшөөрсөн анхны улс болжээ.
Pfizer компани гуравдугаар сард 12-15 насны сайн дурын 2260 хүүхэд оролцсон, АНУ-д явуулсан судалгааны урьдчилсан үр дүнг танилцуулсан юм. Тэгтэл бүрэн вакцинд хамрагдсан хүүхдүүдийн дунд COVID-ын нэг ч тохиолдол илрээгүй байна. Вакцин аюулгүй, үр дүнтэй, 12-15 насныханд тохирно гэсэн нотолгоо байгаа хэмээн Шарма хэлжээ.
Тэгвэл АНУ-ын тохируулагч байгууллагаас Pfizer вакциныг 12-оос дээш насныханд ирэх долоо хоногоос хийхийг дэмжих төлөвтэй байна.
Канадын тохируулагч байгууллагаас хүүхдүүдэд вакцин хийхийг зөвшөөрсөн шийдвэр гаргахын өмнөхөн Альберта мужид нь AstraZeneca-гийн коронавирусийн вакцины улмаас нас барсан эхний тохиолдол гарсан юм. 50 настай нэгэн эмэгтэй вакцин хийлгээд удалгүй нас баржээ. Гэвч Канадын төр засгаас вакцины давуу тал ямар нэгэн аюулгүй байдалтай холбоотой болгоомжлолоос илүү гарна гэж мэдэгджээ.
Эх сурвлаж: dw.com
Орчуулсан Э.Март