АНУ-ын Батлан хамгаалах яам тун удахгүй дэлхий дээр хяналтгүйгээр унах ёстой Хятадын “Чанжэн-5В” пуужинг сөнөөх төлөвлөгөөгүй байна. “Бид олон зүйлийг хийж чадна. Гэхдээ одоогоор түүнийг сөнөөх бодол алга” хэмээн Америкийн Батлан хамгаалах яамны тэргүүн Ллойд Остин пүрэв гарагт мэдэгджээ.
Пентагоноос пуужингийн хэлтэрхийг тавдугаар сарын 8 юм уу 9-нд дэлхий дээр унана гэж тооцоолж байна. Харин яг хаана унахыг нь урьдчилан таамаглах боломжгүй гэнэ. “Бид хэнд ч хор хөнөөл болохооргүй газар унаасай л гэж найдаж байна” хэмээн Остин тэмдэглэжээ. Үүнээс гадна тэр Бээжинг хайнга хандсан, сансарт аюулгүй, сайтар төлөвлөсөн горимын дагуу ажиллах ёстой байдаг гэж анхааруулсан байна.
Дөрөвдүгээр сарын 29-нд Хятад улс “Тяньгун-3” тойрог замын станцын үндсэн модулийг сансарт гаргасан юм. Дэлхийн ойролцоох доод тойрог замд энэхүү модулийг “Чанжэн-5В” пуужин зөөвөрлөгчөөр гаргажээ. Пуужингийн төвийн хэсэг 20 тонн жинтэй бөгөөд дэлхийг тойрон эргэлдэж, ойрын үед дэлхий дээр унах магадлалтай байна. Пуужингийн хэлтэрхий тэнгист юм уу хүн ам суурьшаагүй газар унах магадлал өндөр. Гэхдээ хүмүүс болон хөрөнгөнд хохирол учруулж болзошгүй байдалд байгаа аж.
Эх сурвалж: www.dw.com
Орчуулсан Э.Март