-Улсын хэмжээнд 4580 хоршоо, 235 мянга гаруй гишүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна-
УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын гишүүдээс өргөн мэдүүлсэн Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, түүнтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг УИХ-ын 2021 оны хаврын чуулганаар баталлаа.
Хуулийн төслийг өргөн мэдүүлсэн УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын гишүүд болон Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Санхүүгийн зохицуулах хороо, хоршоодын холбоод зэрэг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран олон нийтийн хэлэлцүүлгийг удаа дараа хийж, хоршоологчдын санаа бодлыг сонсож, хуулийн төсөлд тусгасан. Ийнхүү тус хууль батлагдсанаар:
- Хоршооллын хөдөлгөөнийг идэвхжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх бодлоготой нийцүүлэн хоршоог дэмжих
- Хуульд заасан зорилго, зарчимд нийцсэн хоршоог байгуулах, улсын бүртгэлд бүртгэх, хариуцлага, дотоод хяналтыг нь сайжруулах,
- Хоршооны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага болон орон нутгийн захиргааны байгууллагууд, хоршооны салбарын холбоодын үйл ажиллагааны чиглэл, эрх хэмжээ, чиг үүргийг тодорхой болгох,
- Татвар ногдох орлогыг тодорхойлох бүртгэлийн аргачлалд хоршооны үйл ажиллагааны онцлогийг тусгах,
- Хоршооны өөрийн хөрөнгийг тодорхой болгон санхүүгийн байгууллагаас зээл авах боломжийг нэмэгдүүлэх,
Хоршоонд хөрөнгө оруулалт хийх боломжтой боллоо. - Улмаар хоршооны хөгжлийг дэмжих сантай болсноор үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжийг бий болгон хоршооны удирдлагын менежментийг сайжруулах, гишүүдийнхээ өмнө хүлээх хариуцлагыг тодорхой болгох, гишүүдийн амьдралд бодит өсөлт, дэвшил гаргах, хуримтлал үүсгэх боломжийг нээхтэй холбоотой зохицуулалтыг тусгалаа.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар “хоршооны гишүүдийнхээ барааг дотоодын үйлдвэрлэгчдэд зуучлан борлуулсан орлого нь НӨАТ-аас чөлөөлөгдөх” өөрчлөлт орууллаа.
“Хууль баталсантай холбоотой авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолоор:
- Монгол Улсад хоршооллын салбар үүсэж, хөгжсөний 100 жилийн ойн арга хэмжээг энэ онд зохион байгуулах, 2022 оныг “Хоршооны хөгжлийг дэмжих жил” болгож, хоршооллын хөдөлгөөнийг эрчимжүүлэх арга хэмжээг авах,
- Ажлын байрыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хоршоонд олгох санхүүжилтийг жил бүрийн улсын төсөвт нэмэгдүүлэн тусгуулах,
- “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх ажлын хүрээнд хоршоог дэмжихэд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг тэргүүн ээлжид шийдвэрлэх,
- Хоршооны шинэчилсэн бүртгэлийг зохион байгуулах,
- Хоршооны нягтлан бодох бүртгэлийн онцлогийг тусгасан журам зааврыг боловсруулж батлах, сурталчлах ажлыг зохион байгуулах,
Хоршооны хууль эрх зүйн зохицуулалт, татварын орчны талаарх танилцуулга, сургалтыг орон даяар зохион байгуулахаар шийдвэрлэлээ.
УИХ-ын энэхүү шийдвэр нь хоршооллын салбарын 100 жилийн ойн хүрээнд төрөөс хоршоологчдод үзүүлж буй томоохон бодлогын арга хэмжээ боллоо.
Эх сурвалж: ХХААХҮЯам