Агаарын бохирдол, хөрсний бохирдол гээд хүрээлж буй орчноосоо эхлээд өдөр тутамд идэж, ууж байгаа хүнснээс хүртэл хүний биемахбодь хордож, бохирдож байдаг байна. Гэвч энэхүү бохирдлыг биеэсээ хэрхэн яаж гадагшлуулах талаар төдийлөн сайн мэддэггүй. Тиймээс бид Эрүүл мэнд, амжилтын коуч, багш, эмч Н.Зандитай хүний биед яагаад бохирдол, хор хуримтлагддаг, түүнийг хэрхэн хоргүйжүүлэх талаар ярилцлаа.
-Хүний бие яагаад бохирддог вэ?
-Бид нар өдөр бүр гар нүүрээ угааж, тодорхой давтамжтайгаар усанд ордог. Энэ цэвэрлэгээ бол гаднаас хийгдэж буй цэвэрлэгээ. Тэгвэл бидний хэрэглэж буй хоол хүнс, тэдгээрийн ургаж буй хөрс, усалж буй ус, хэрэглэж буй бордоо, ашиглаж буй технологи, боловсруулалт, амьсгалж буй агаар, амьдралын хэв маяг, бие махбодын үйл ажиллагаа гэх мэт маш олон хүчин зүйлээс шалтгаалан бие махбодод маань их, бага хэмжээний бохирдлууд үүсч байдаг. Үүнийг бид янз бүрийн эм тариа, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэхээс илүүтэй цаг улиралтай уялдуулан оновчтой зөв цэвэрлэгээг хийж дадах нь чухал.
-Хаврын улиралд биеэ хоргүйжүүлж, цэвэрлэхэд хамгийн тохиромжтой улирал гэдэг юм билээ?
-Хавар элэгний тамир хамгийн сайн байдаг учир энэ үед элэгний цэвэрлэгээг хийх нь илүү үр дүнтэй байдаг.
-Хорт бохирдлыг гадагшлуулж, биеэ цэвэрлэхийн тулд бид ер нь яах ёстой вэ?
-Маш олон зүйлийг хэлэх хэрэгтэй болно. Гэхдээ хамгийн товчоор хэлбэл хоол, хүнсний бүтээгдэхүүнээ зөв сонгож, зөв цагт нь зөв зүйлээ зохистой хэмжээгээр хэрэглэх, идэвхтэй дасгал хөдөлгөөнийг тогтмол хийх, сэтгэл санаагаа өөдрөг байлгаж, ажил амралтын дэглэмээ зөв тохируулах, шөнө бөх сайхан унтаж амрах гэх мэт амьдралын зөв хэв маягийг өөртөө дадуулах нь хамгийн чухал. Мөн өглөө эрт цэвэр агаарт алхах, гүйх, амьсгалын дасгал хийх нь маш сайн.
-Хүн өөрийнхөө биеийг бохирдсон гэдгийг яаж мэдэх вэ? Биед ямар өөрчлөлт ажиглагддаг вэ?
-Хамгийн наад зах нь залхуурах, юм хийх сонирхолгүй байх, сөрөг хандлагатай болох, цаашлаад амнаас эвгүй үнэр гарах, өглөө ам заваарах, хоолны шингэц хямрах, өтгөн хатах, арьсан дээр тууралтууд гарах, харшил, багтраа гэх мэт эрүүл мэндийн бүхий л асуудлууд таны биед хортой бодисууд хуримтлагдсан байна гэдгийг илэрхийлнэ.
-Элэг хоргүйжүүлэх цэвэрлэх талаар сүүлийг үед хүмүүс их ярих болсон. Элэг цэвэрлэх боломжтой юу?
-Бидний бие махбод өөрөө маш ухаалаг тогтолцоотой. Биднээс хамааралгүйгээр эд эрхтнүүд өөрсдийн бүхий л үүргээ гүйцэтгэж, биеийн бохирдлыг арилгах бүхий л процессууд бие махбодод маань аяндаа л явагдаж байдаг. Бидний зүгээс энэхүү үйл явцуудыг хэвийн явуулах боломжийг л олгох ёстой юм.
Тиймээс элэгний үйл ажиллагааг дэмжихийн тулд ямар хоол идэх, ямар дасгал хөдөлгөөн хийх, ямар цэгэн иллэг массаж хийх зэргийг мэдэж аваад хийгээд байвал элэгний үйл ажиллагаа идэвхжиж, элэг өөрөө өөрийгөө цэвэрлэж, бие махбодыг хортой бодисуудаас цэвэрлэж хоргүйжүүлдэг учиртай.
-Бие хоргүйжүүлэх хөтөлбөр гэж гадуур их явагддаг. Үүнд хамрагдаж болохгүй эсрэг заалт бий юу?
-Бусад хөтөлбөрүүдэд юу хийгддэгийг бүгдийг сайн мэдэхгүй учраас би сайн хэлж мэдэхгүй байна. Миний явуулж буй эрүүл мэндийн хөтөлбөрүүдийн хувьд цаг улиралтай уялдуулан хавар элэгний цэвэрлэгээ, зун нарийн гэдэс, зүрхийг тэтгэх хөтөлбөр, намар бөөрний цэвэрлэгээг явуулдаг. Мөн мацаг барих, иогийн аргаар гэдэс цэвэрлэх хөтөлбөрүүдийг өвлөөс бусад улиралд зохион байгуулдаг. Элэгний хөтөлбөрийн хувьд элэг тэтгэх, элэг цэвэрлэх гэсэн 2 зүйлийг оролцогчиддоо санал болгодог. Элэгтэй хүн бүр элэгний үйл ажиллагаагаа дэмжихийн тулд хийх ёстой 21 дадлыг би боловсруулсан. Үүнийгээ хөтөлбөрийн 21 хоногийн турш хүмүүсээр хийлгэдэг. Хүмүүс маш сайн үр дүнд хүртдэг. Тиймээс хүн бүхэн оролцох боломжтой гэсэн үг. Харин элэгний цэвэрлэгээний хувьд зарим хүмүүс оролцох боломжгүй. Тухайлбал: 16 хүртэл насны хүүхдүүд, жирэмсэн, төрөөд удаагүй, тамир тэнхээ дорой хүмүүс, мэс засалд ороод удаагүй, элэг бөөрний дутагдалтай гэх мэт.
-Бид өдөр тутамдаа хэрэглэж байгаа хоол, хүнснээсээ бохирдож байна. Элэг тэтгэх ямар хоол хүнс байдаг вэ. Мөн элэг юунд дуртай, юунд дургүй вэ?
Ямар хоол хүнсийг хэрэглэх вэ гэдэг сонголт их чухал. Сонгосон хоол хүнсээ алийг нь хэзээ хэрэглэх вэ гэдэг ч бас чухал.
Жишээ нь өглөөний цайнд өрөм, зөөхий, цөцгий, шар тос, хольсон тос, оливийн тос гэх мэт 10-20 гр тос хэрэглэх, хоносон хоол, гурилан бүтээгдэхүүнээс аль болох татгалзах, махыг өглөө орой биш өдөр хэрэглэх, жимсийг бусад хоол хүнстэй холихгүй тусад нь идэх гэх мэт.
Ингээд зөв сонгоод, зөв зүйлийг хэрэглээд байвал заавал хоол хүнснээсээ болж бохирдох албагүй.
Элгэнд тустай хүнс бол хүрэн манжин, шар лууван, брокколи, бууцай, ногоон навчит ургамлууд, хушга, бүйлс самар, алим, нэрс, цангис, овъёос гэх мэт хүнснүүд байна. Мөн монголд ургаж байгаа их шүүдэргэний цай элгэнд маш сайн. Харин тусгүй хүнс нь архи, согтууруулах ундаа, лаазалсан, нөөшилсэн, давсалсан, даршилсан, утсан гэх мэт үйлдвэрийн боловсруулалт их орсон хүнснүүд бүгд элэгний үйл ажиллагаанд маш их ачааллыг өгдөг учир аль болох зайлсхийх хэрэгтэй.
-Баярлалаа
Л.Баяр