Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газраас энэ сарын 23-ны өдөр “Их Өргөө” ХХК-ны хэрэгжүүлж байсан БЗД 4 дүгээр хороо орчмын төслөөс болж хохирсон 64 айлын асуудлыг шийдвэрлэж түр орон сууцны гэрээг гардуулах арга хэмжээг зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар, НГХДБГ-ын Мэдээлэл сурталчилгаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Даваадулам болон гэр хорооллын дахин төлөвлөлтөөс хохирсон иргэдийн төлөөлөл оролцсон юм.
Энэ үеэр Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар хэлсэн үгэндээ “Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газар нь өнгөрсөн оны 10 дугаар сараас үйл ажиллагаагаа жигдрүүлж ажилласан. Биднийг ажил хүлээж авахад өмнөх удирдлагуудын хэрэгжүүлсэн Гэр хорооллыг барилгажуулах төслөөс болж хохирсон айл өрх, иргэдийн асуудал хүндээр тавигдаж байсан бөгөөд бид энэ асуудалд анхаарлаа хандуулснаар өнөөдөр ийнхүү иргэдийнхээ асуудлыг эхнээс нь шийдвэрлэж байна.
Төр, нийслэлийн зүгээс иргэдийнхээ санаа бодлыг сонсож, шуурхай шийдвэрлэж байгаа нь нэг бодлогоор, нэг сэтгэлээр, нэг шийдвэрээр ажиллаж байгаагийн илрэл юм. Цаашдаа та бүхэн минь түр суурьшуулах сууцнаас гарч өөрийн өмчлөх үл хөдлөх хөрөнгөтэй болж, өөрсдийн анх эхлүүлсэн төслийн үр шимийг үзнэ гэдэгт бид эргэлзэхгүй байна.” хэмээлээ.
Өнгөрсөн хугацаанд Нийслэлийн Засаг дарга С.Батболд болон нийслэлийн Удирдлагуудын зүгээс хохирсон иргэдийн асуудалд онцгой анхаарч, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг байгуулсан бөгөөд тус ажлын хэсэг нь төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжийн дарга удирдлагуудтай уулзаж, хохирсон иргэд, айл өрхийн асуудлыг шат дараатайгаар шуурхай шийдвэрлэж иржээ.
Эдгээр иргэдийн хувьд Нийслэлийн сүхбаатар дүүрэг 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцыг түр оршин суух зориулалтаар ашиглах юм байна гэж Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газраас мэдээллээ.