Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн эрх барьж буй улс төрийн намыг тараах зарлиг гаргаж, Дээд шүүхэд хүргүүлснийг олон улсын байгууллагууд буруушааж эхэллээ. Тухайлбал, СоцИнтерн буюу Социалист Интернационал /Socialist International/ нь социал демократ, социалист, хөдөлмөрийн намуудын олон улсын байгууллагаас Ерөнхийлөгч Х.Баттулгыг “Үндсэн хууль, ардчиллын эсрэг хариуцлагагүй алхмуудыг хийж байна” гэж үзээд түүний гаргасан үйлдлүүдийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн мэдэгдлийг гаргажээ.
Түүнчлэн тус мэдэгдэлд “Ерөнхийлөгч Баттулга МАН-ыг тарааж, Монголын хамгийн том улс төрийн нам Ерөнхийлөгчид нэр дэвших боломжийг хааснаар ардчиллыг үгүй хийж, Монголын ард түмний Төрийн тэргүүнээ чөлөөтэй сонгох эрхэд халдаж байна” гэжээ. Тус байгууллагын зүгээс дэлхийн олон улс орон Коронавирусын цар тахлаас үүдсэн эрүүл мэнд, эдийн засаг, нийгмийн нэн чухал асуудлуудтай хүчээ нэгтгэн тэмцэх шаардлагатай чухал үе байтал Ерөнхийлөгч нь төрийн эрх баригч намыг тараах санаачилга гаргасныг эрс эсэргүүцээд зогсохгүй тухайлсан мэдэгдлийг гаргалаа. НҮБ-д зөвлөх статустай СоцИнтер нь ардчилал, ядуурал, орон нутгийн засаглал, тогтвортой хөгжил зэрэг сэдэвчилсэн комисстойгоос гадна дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагаараа дамжуулан жендэрийн тэгш эрхийн төлөө ажилладаг байгууллага юм. Тус байгууллагаас гаргасан мэдэгдэлд “Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга захирамж гаргаж, Монгол Ардын Нам (МАН)-ыг тараах гэсэн Үндсэн хуулийг зөрчсөн оролдлогыг Социалист Интернационал эрс эсэргүүцэж байна. Коронавирусын цар тахлаас үүдсэн эрүүл мэнд, эдийн засаг, нийгмийн асуудлуудтай улс орноороо хамтын хүчээр тэмцэх шаардлагатай байгаа энэхүү чухал үед ардчилал, Үндсэн хуулийн эсрэг хийсэн түүний хариуцлагагүй алхам нь улсаа хямралд оруулж болзошгүй байна. Социнтернийн гишүүн, 100 жилийн түүхт МАН нь Монгол Улс олон намын тогтолцоотой ардчилсан орон болох шилжилтийг хөтөлсөн бөгөөд өнгөрсөн жилийн парламентын сонгуулиар Монголын ард түмний дэмжлэгийг авч, үнэмлэхүй ялалт байгуулсан.
МАН-ыг Үндсэн хуулийн Цэцэд нөлөөлж, цэрэгжсэн бүтцийг бий болгож байна гэсэн Ерөнхийлөгчийн мэдэгдэл нь ор үндэслэлгүй, нотлох баримтгүй билээ. Ерөнхийлөгчийн сонгууль энэ оны зургаадугаар сард болох бөгөөд өөрийх нь гарын үсэг зурж баталгаажуулсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу одоогийн Ерөнхийлөгч дахин сонгуульд өрсөлдөх боломжгүй. Ерөнхийлөгч Баттулга МАН-ыг тарааж, Монголын хамгийн том улс төрийн нам Ерөнхийлөгчид нэр дэвших боломжийг хааснаар ардчиллыг үгүй хийж, Монгол ард түмний төрийн тэргүүнээ чөлөөтэй сонгох эрхэд халдаж байна. Социнтерн нь Монгол дахь нөхцөл байдлыг үргэлжлүүлэн ажигласаар байх бөгөөд энэхүү хууль бус захирамжийн асуудлын хүрээнд МАН-д дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж байна. МАН бүх ард түмний ашиг сонирхлын төлөө ажилласаар байна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэхийн ялдамд МАН оролцох бүрэн эрхтэй, чөлөөт, шударга Ерөнхийлөгчийн сонгууль болж, зүй ёсоор сонгогдсон ерөнхийлөгчид эрх мэдэл нь тайван замаар шилжинэ хэмээн найдаж байгаагаа илэрхийлье” гэжээ
Эх сурвалж: News.mn