Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст энэ сарын 26-ны өдөр Баянзүрхийн голд Toyota Hilux маркын автомашин живж байна гэсэн дуудлага ирж Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах бүлэг гарч ажиллаж, 36 настай эрэгтэй Г, 29 настай эмэгтэй С, 3 настай эрэгтэй Э, 2 настай эрэгтэй И нарыг голд автомашинтайгаа живж байсныг аврасан байна. Иймд иргэдийг цаг агаар дулаарсантай холбогдуулан гол мөрөнг автомашинтайгаар гатлахгүй, зөвшөөрөгдсөн зам гүүрээс өөр гарц гармаар зорчихгүй сэрэмжлүүлж байна.
Цаг агаар дулаарч өндөр уулс болон гуу, жалга, суваг, шуудуу, гол мөрний цас хайлах, гэр хорооллын зарим хороодын нутаг дэвсгэрт хөрсний ус булаг гарч, халиа дошин үүсэх, айл өрх, гудамж талбай усанд автах, шар усны үер үүсэх эрсдэл өндөртэй байна. Иймд өндөр уулын ам, гол усны ойр суурьшиж байгаа айл өрхүүд, аж ахуйн нэгж, байгууллагууд ойр орчмын цасаа зайлуулах, үерийн далан, борооны ус зайлуулах суваг, шуудууг цэвэрлэн сэргээж, шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг НОБГ-аас анхааруулж байна.
Мөн усанд суусан дуудлага сүүлийн үед ирэх болсонтой холбогдуулан нийт иргэдэд үерийн далан, борооны ус зайлуулах суваг, шуудуу, голын голдрилыг дур мэдэн өөрчлөхгүй байх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхиж, гол, мөрний мөсөн дээр тоглуулахгүй байхыг зөвлөж байна.
Эх сурвалж: Нийслэлийн онцгой байдлын газар