Цагдаагийн Ерөнхий Газраас иргэд, олон нийтэд хууль, эрх зүйн мэдлэг, мэдээллийг олгох, аливаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд туслан дэмжих зорилгоор цуврал цахим хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж байна. Энэ хүрээнд өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 29-ний өдөр клабхаусаар Хар тамхитай тэмцэх газраас “Хар тамхи ба хөл хорио” сэдвээр цахим хэлэлцүүлэг зохион байгуулж, иргэдтэйгээ ярилцан мэдээлэл өгч, санал солилцлоо. Хэлэлцүүлэгт зочноор СЭМҮТ-ийн их эмч Ж.Гантулга, СЭМҮТ-ийн Донтох эмгэг судлалын клиникийн их эмч н.Соёлмаа, МУИС-ийн сэтгэл судлалын тэнхимийн багш Х.Сайнсанаа нар оролцлоо. “Хар тамхи ба хөл хорио” сэдвийн хүрээнд яригдсан онцлох мэдээллийг тоймлон хүргэж байна.
ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Давааням :
-Дэлхийн зарим улс оронд сэтгэцэд нөлөөт мансууруулах бодисын хэрэглээг яагаад зөвшөөрдөг юм бэ?
-Хүүхэд, залуучуудын дунд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай “өвс” гэх бодисын талаар нэлээн буруу ойлголт байдаг. Дэлхийн зарим улс орнуудад өвсний хэрэглээг яагаад зөвшөөрөх болсон, бүх мужуудад зөвшөөрсөн үү, ер нь өвсөнд ямар сөрөг муу үр дагавар байдаг вэ гэдэг талаар ул суурьтай уншиж, судлаж үүний дараа дүгнэлт хийх хэрэгтэй.
Жишээ АНУ-ын зарим мужууд “THC буюу сэтгэцэд нөлөөт бодис”-ын агууламж багатай каннабисыг зөвхөн анагаах ухаан, шинжилгээ судлагааны зорилгоор ашиглахыг зөвшөөрч хуульчилсан бол цөөн тооны муж энгийн хэрэглээг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн байдаг. Аливаа улсын нийгэм, эдийн засаг, боловсрол, амжиргааны түвшин, хүний хөгжлийн индекс, мансууруулах бодисын хэрэглээний түвшин зэрэг маш олон хүчин зүйлээс тухайн бодисын хэрэглээг зөвшөөрөх эсэх асуудал яригддаг. Ийм ч учраас дэлхийн улс орнуудаас зөвхөн 11 улс л каннабисын хэрэглээг бүрэн зөвшөөрч, хариуцлагаас чөлөөлсөн байдаг. Харин манай бүс нутгийн улс орнууд өвсний хэрэглээг зөвшөөрдөггүй бөгөөд хатуу хяналтанд байлгадаг. Энэ талаар албан ёсны сайтуудаас дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.
Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг зарж борлуулдаг хүмүүст чиглэсэн ямар арга хэмжээ авч байна вэ?
-Юуны өмнө мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг судалгаа, статистик мэдээлэл, дүн шинжилгээнд суурьлаж, олон улсын туршлагыг судлаж өөрийн орны онцлогт нийцүүлэн зохион явуулдаг гэдгийг хэлэх нь зүйтэй. Цагдаагийн байгууллагын зүгээс мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлдэг, худалдан борлуулдаг, хүүхэд, залуучуудыг уруу татдаг этгээдүүд, сэжигтэй байр байгууламжуудыг илрүүлэх, хэрэглээг хязгаарлах бодлого барьж шат дараалалтай тусгай ажиллагаанууд, хяналт шалгалтыг тогтмол зохион явуулж ажилладаг. Үүний үр дүнд 2020-2021 онд манай байгууллага мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бусаар улсын хил нэвтрүүлдэг, худалдан борлуулдаг идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 11 бүлгийг илрүүлэн, эд мөрийн баримтаар хураагдсан химийн гаралтай бодис 82.8 хувиар өсч, 56325 хүний 1 удаагийн хэрэглээний бодисыг хураан авч, гэмт үйлдлийг таслан зогсоож ажилласан байна.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчилд ямар хариуцлага, ял шийтгэл оногдуулдаг вэ?
Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.1.3 дах хэсэгт заасны дагуу мансуурсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгж буюу нэг зуун мянган төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулдаг. Харин энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн бол өөрөөр хэлвэл Монгол Улсад хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан, бусдад өгсөн, тээвэрлэсэн, худалдсан, улсын хилээр нэвтрүүлсэн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасны дагуу үйлдсэн гэмт хэрэгт тохирох ял, шийтгэлийг шүүхээс оногдуулдаг.
МУИС-ийн Сэтгэл судлалын тэнхимийн багш Х.Сайнсанаа:
Мансууруулах бодис хэрэглэсний улмаас хүний биед ямар нөлөө үзүүлэх вэ?
-Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис маш олон төрөл, ангилалтай байдаг. Төрөл, ангилалаас шалтгаалан хүний биед үзүүлэх нөлөө, илрэх шинж тэмдэг нь харилцан ялгаатай байдаг. Тийм учир эцэг эхчүүд энэ талаар мэдлэгтэй байх хэрэгтэй. Мансууруулах бодисын хэрэглээтэй болсон тохиолдолд таны хүүхдийн хоолны дуршил гэнэт багасаж, биеийн жин алдагдах, нойрны хямралтай болж орой унтахгүй байх эсвэл олон цагаар их унтах, арьсан дээр идээт үрэвсэл гарах зэрэг шинж тэмдэг илэрч болно. Мөн хичээл, сургуульдаа идэвхтэй явдаг байсан хүүхэд тань хичээлдээ явах дургүй болох, гадаад үзэмж, төрх байдлаа огцом өөрчлөх, өмнөх сонирхол, хобби, найз нөхдийн хүрээлэл өөрчлөгдөх, хариуцлагагүй болох зэрэг шинж тэмдэгүүд илэрнэ. Энэ үед эцэг эхчүүд анхны дохио үүссэн байгааг анзаарч мэдэж, ярилцах болон холбогдох газарт хандаж зөвлөгөө авах хэрэгтэй.
Мансууруулах бодисын хэрэглээтэй болсон байж болзошгүй хүүхэдтэйгээ хэрхэн харилцаж, яаж ярилцах ёстой вэ?
Эцэг эхчүүд үр хүүхэдтэйгээ байнга харилцан ярилцаж, үзэл бодлыг нь сонсож байх хэрэгтэй. Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын талаар эцэг эхчүүд хүүхэдтэйгээ ярилцахдаа анхаарах ёстой нэг чухал зүйл байдаг. Энэ бол орчин. Та хоёрын ярианд ямар нэгэн зүйл, хэн нэгэн саад болохгүй орчинг сонгож, эцэг эхчүүлд маань хүүхдийнхээ ярианд анхаарлаа бүрэн хандуулан чин сэтгэлээсээ ярилцах сэтгэл зүйтэй болсон үедээ ярилцах хэрэгтэй. Хэрэв та өөрөө маш их стресстэй, ууртай байх үедээ эсвэл хүүхэд чинь тухайн бодисоо хэрэглэчихсэн байх үед ярилцлага хийх нь ямар ч үр дүнгүй.
Эцэг эхчүүд хүүхдээ ямар нэгэн бодисын хэрэглээтэй болсон талаар анх сонсоод маш их айж, энэ асуудалд өөрийгөө буруутгаж эхэлдэг. Тэгэхээр эцэг эхчүүд энэ айдас, энэ түгшүүртэйгээ өөрсдөө нүүр тулж, бүрэн ойлголж, хүлээн зөвшөөрсний дараа хүүхэдтэйгээ ярилцах хэрэгтэй. Ярилцлагын гол зорилго хүүхдийг айлгах, загнах гэсэндээ биш, тухайн бодисын улмаас учирч болох богино хугацааны болон ур хугацааны хор уршиг, үр дагаварыг ойлгуулж, өөрийнх нь бодлыг сонсож ярилцах юм. Зарим тохиолдолд хүүхэдтэйгээ хамт суугаад баттай эх сурвалжаас тухайн бодисын хор уршгийн талаар хамтдаа судлаж ч болно. Ингэх явцдаа харилцан ярилцаж, хүүхэддээ хор уршиг, сөрөг муу үр дагаврыг ойлгуулж болно.
Өсвөр насны хүүхдийн хувьд найз нөхөд болон өөрийн гадаад үзэмж гэдэг их чухал байдаг. Тийм учир тухайн хүүхдийн хувьд үнэ цэнэтэй байгаа тэр зүйлийг нь харьцуулан ярих нь илүү үр дүнтэй байдаг. Үүнээс гадна эцэг эхийн зүгээс үр хүүхдээ мансууруулах бодисын хэрэглээнээс урьдчилан сэргийлэх хамгийн чухал арга бол “Хэрхэн хүүхдээ үгүй гэж хэлэх”-д сургах явдал байдаг. Үр хүүхдэд тань хэн нэгэн мансууруулах бодис хэрэглэхийг ятгах үед хэрхэн үгүй гэж хэлэх, үгүй гэж хэлснээр ямар нэгэн найз чинь чамтай найзлахаас татгалзаж байвал энэ бол жинхэнэ нөхөрлөл биш гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Ингэснээр та өөрийн хүүхдээ хамгаалж чадна.
-Бусад орны туршлага болон өвсний хэрэглэний сэтгэл зүйн нөлөөллийн талаар ойлгомжтой тайлбарлахгүй юу?
-Канад улс нь хэрэглээг зөвшөөрөхөөс өмнө урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг маш удаан хугацаанд хэрэгжүүлсэн, урт болон богино хугацааны ямар хор уршигтай талаар мэдлэгийг хүүхэд, залуучуудад түгээсний дараа хуулиар зөвшөөрсөн. Тухайн үед Канад улсын ерөнхий сайд хэлэхдээ “Бид каннабисийг эрүүл мэндэд хоргүй учраас зөвшөөрч байгаа зүйл огт биш, хууль бус борлуулалтыг зогсоох, хяналтандаа байлгах, өсвөр үеийн хүүхэд залуучуудыг хамгаалах зорилгоор судалгаанд үндэслэн гаргасан шийдвэр” гэж байсан. Тэгэхээр бид хуулиар зөвшөөрсөн цаад шалтгааныг сайтар судалж мэдээд бусдад зөв мэдээлэл түгээх нь чухал юм. Би өөрөө яг тухайн улсад мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэсэн хүмүүст яаралтай түргэн тусламжийн үзүүлдэг байсан, харамсалтай нь эмнэлгийн тусламж үзүүлээд 5 минутын дараа дахин л хэрэглэдэг нь харамсалтай санагдсан. Бид өөрсдийгөө ухамсартайгаар сонголт хийдэг гэж боддог гэтэл яг үнэндээ тийм биш, судалгаанаас харахад ухамсартай гэхээс илүү аль болох олдоц ихтэй зүйлийг сонгодог, иймээс хуулиар зөвшөөрснөөр хэрэглээний төвшин өсөх эрсдэлтэй юм.
Каннабис яагаад аюултай, өсвөр насны хүүхэд яагаад хэрэглэж болохгүй гэхээр хамгийн том шалтгаан сэтгэцийн эмгэг үүсгэж, сэдрээж байдаг. Та насан туршдаа эрүүл амьдрах боломжтой мөртлөө өвс хэрэглэснээр сэтгэцийн эмгэгтэй болох эрсдэлтэй гэсэн үг. Зарим хүмүүс ярьдаг “эрүүл мэндийн чиглэлээр ашигладаг, зөвшөөрдөг” гэдэг, тэгэхлээр бид эх сурвалжийг маш сайн судлах хэрэгтэй, хэрэв эмийн үйлдвэрээс санхүүжилт хийж судалгаа хийлгэсэн бол эрүүл мэндэд сайн гэсэн л үр дүн гарах нь ойлгомжтой. Тиймээс мэдлэг дээр суурилсан урьдчилан сэргийлэх ажлыг явуулах нь үр дүнтэй юм.
ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Мандухай:
-Өсвөр насны хүүхэд, залуучуудын дунд “өвс” гэх нэршилтэй бодисын талаар яриа нэлээн их байдаг бөгөөд уг бодисын хор уршгийн талаар мэдлэг хангалтгүй мэт санагддаг. Энэ талаар манай улсад судалгаа байдаг уу?
“Өвс” гэж нэрлэдэг бодис нь НҮБ-ын 1961 оны “Мансууруулах эмийн тухай”, 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтанд багтдаг “ТНС буюу тетрагидроканнабинол” гэх сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай, Монгол Улсад хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын нэг юм. Манай улсын Шинжлэх ухааны академийн Хими, Хими-Технологийн хүрээлэн болон МУИС-ийн эрдэмтэд хамтран 2003-2004 онд “Монгол орны Олсны төрлийн ургамлын каннабиноидын бүрдэл”-ийг судалсан байдаг бөгөөд судалгааны үр дүнд “Манай орны каннабис ургамалд каннабиноидын бүлэгт хамаарах сэтгэцэд нөлөөт бодисууд илэрсэн бөгөөд хууль хяналтын байгууллага анхаарвал зохих чухал асуудал” болох нь тогтоогдсон байдаг.
“Өвс” гэх нэршилтэй бодисын хэрэглээний улмаас хүний биед хамаарал үүсэж, бусад бодис хэрэглэх гүүр болж байдаг. Тийм ч учраас өвсийг олон улсад “gateway drug” гэж нэрлэдэг. Мөн Монгол улсын НҮБ-ын 1961 оны “Мансууруулах эмийн тухай”, 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцид нэгдсэн орсон бөгөөд эдгээр гэрээ, конвенц, дотоодын хууль тогтоомжийн дагуу “өвс” гэх бодис нь манай улсад хуулиар хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын нэг төрөл юм.
Цагдаагийн байгууллагаас хар тамхины хууль бус хэрэглээнээс татгалзуулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар бодлого барьж ямар ажил, арга хэмжээ зохион байгуулж ажилладаг вэ?
ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас нийт хүн ам болон зорилтот бүлэгт чиглэсэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор уршиг, үр дагаврын талаар мэдлэг олгох, буруу ойлголт, хандлагын төөрөгдлийг арилгах эрт үеийн ухуулга, нөлөөллийн ажлыг зохион байгуулж, мансууруулах бодисын хэрэглээнээс татгалзуулах чиглэлээр ажиллаж байна. Бид нэгэнт мансууруулах бодисын хэрэглээ, хамааралтай болсон хүнийг эрт илрүүлж, бүртгэл хяналтанд авч, мансууруулах бодисын хэрэглээнээс татгалзуулах, шаардлагатай эрүүл мэнд, сэтгэц заслын тусламж үйлчилгээг үзүүлэх, нийгэмшүүлэх замаар хэрэглэгч, донтогч нэг бүрийг дахин хэрэглэхээс урьдчилан сэргийлж ажиллахыг зорьж байна.
Мөн зорилтот бүлэгт чиглэсэн “Хасах 25” төслийг хэрэгжүүлж тандалт судалгааны ажил болон олон улсад амжилттай хэрэгжиж байгаа “ГЭР БҮЛ болон СУРГУУЛЬД” суурилсан ухуулга, нөлөөллийн ажлыг эхлүүлж, эцэг эхчүүд, багш, сурган хүмүүжүүлэгч нарт сургалт зохион байгуулж ажилласнаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг үйлдсэн насанд хүрээгүй хүний тоо 2020 онд 63.4 хувиар, 2021 оны 04 дүгээр сарын байдлаар 81 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.
Эх сурвалж: ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар