Энэтхэг улсад тархсан коронавирусний давхар мутацид орсон хувилбар дэлхий нийтийг түгшээж байна. Энэтхэг улс дөрөв дэх өдрөө дараалан 300 мянга гаруй хүнээс коронавирусний халдвар илрүүлж, хоногт 2 мянга гаруй хүн Ковидийн улмаас нас барж байна.
Энэтхэг улсад мутацид орсон коронавирусний B.1.617 шинэ хувилбар нь тус улсад хамгийн их хохирол учруулсан өвчлөлийн шинэ давалгааг үүсгэж, өвчлөлийн тоогоор Бразил улсыг даваад байгаа билээ.
Энэтхэг улсад бүртгэгдсэн мутацад орсон халдварын талаар эдийн засагч Н.Энхбаяр өөрийн цахим хуудаснаа мэдээлэл хүргэсэн байна.
Тэрбээр “Коронавирус өнгөрсөн 17 сарын хугацаанд дэлхий нийтээр тархаж нийт 148.0 сая хүнийг халдварлуулах явцдаа эволюцод орж, коронавирусын олон төрөл, хэлбэрүүд үүссээр байна.
Анх БНХАУ-д бүртгэгдэж байсан SARS-Cov-2 вирусийн олон хувилбар үүссэний дотор дэлхий нийтийг анхаарлыг татаж, олон зуун мянган хүнд халдвар тарааж байгаа дараах хувилбарууд бүртгэгдээд байна.
Үүнд:
1. Их Британы вариант В.1.1.7;
2. Өмнөд Африкийн вариант В.1.351; В.1.353;
3. Бразилийн вариант Р.1;
4. Калифорнийн вариант В.1.429;
5. Энэтхэгийг вариант В.1.617, В.1.618 гэсэн вариантууд эрдэмтэн судлаачдын анхаарлыг хамгийн их татаж байна.
Сүүлийн үеийн мэдээллээр Энэтхэгийн вариант Герман, Бельги, Их Британи, Щвейцари, Австрали, Сингапур улсад бүртгэгджээ.
Зөвхөн Их Британи улсад гэхэд өчигдрийн байдлаар Энэтхэг вариантын вирусээр өвчилсөн 100 тохиолдол бүртгэгджээ.
Иймд улсын хилийг нээх асуудал, гадаад орнуудад зорчих асуудалд туйлын анхаарал болгоомжтой хандах, гарцаагүй шаардлагатай бус бол ойрын 2-3 сард гадаад оронд зорчихгүй байхыг анхааруулж, сэрэмжлүүлье!
Одоогоор судлаачид Энэтхэг улсад бүртгэгдээд байгаа дээрх хоёр төрлийн вариантыг одоо бүтээгдээд вакцинууд хамгаалж чадах эсэхийг туршаагүй, нотлоогүй байгаа гэдгийг анхааруулъя!” гэжээ.
Л.Баяр