QR кодтой холбоотой асуудлаар Улсын Онцгой комиссоос байгуулсан Ажлын хэсэг мэдээлэл хийлээ. QR кодтой холбоотой хариулт нэхсэн олон асуулт бий. Уг асуултад ажлын хэсгийнхэн хариулт өглөө.
Ямартай ч Улсын Онцгой комиссоос байгуулсан Ажлын хэсэг замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрөл олгож байгаа юм байна. Зөвшөөрөл нь давтагдашгүй дугаар бүхий QR код бөгөөд зөвшөөрөл авах хүсэлтээ QR@gov.mn цахим хаягаар илгээх аж.
Хүсэлтийн хамт:
- зөвшөөрөл авах үндэслэл, шалтгаан,
- хөдөлгөөнд оролцох хугацаа,
- тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар,
- үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн хуулбар
- ажилтан албан хаагчдын регистрийн дугаарыг илгээнэ.
Иргэн, байгууллага системд бүртгэгдэж, олгосон зөвшөөрлийг www.smartcar.mn цахим хуудаснаас хэвлэн авч, тээврийн хэрэгслийн урд салхины шилний баруун доор жолоочийн харагдах байдалд нөлөөлөхгүйгээр байрлуулан, ажлын үнэмлэхээ үзүүлэн хөдөлгөөнд оролцоно гэдгийг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөс мэдээлээд байна.
Ажлын хэсэг мэдээлэлдээ “Шинэ цагийн зохицуулалт орж ирсэн нь зарим талаар үл ойлголцол гаргаж байх шиг байна. Одоогийн байдлаар QR@gov.mn хаягаар 15 мянга орчим хүсэлт ирсэн байна. Хүсэлтийг 08:00-21:00 цагийн хооронд авч байгаа ба ирсэн хүсэлтийг нягтлаад шаардлага хангасныг нь системд бүртгэж оруулах 24 хүний бүрэлдэхүүнтэй баг гарч ажиллаж байна.
Мөн Эрүүл мэндийн салбарын 11 мянган тээврийн хэрэгслийг бүгдийг нь цагийн хязгаарлалтад оруулаагүй юм. Тухайн эрүүл мэндийн байгууллагын нэр дээрх автомашиныг хязгаарлалтад оруулахгүй. Харин хувь хүний эзэмшилд байгаа эрүүл мэндийн салбарын тээврийн хэрэгслийг цагийн зохицуулалтад оруулах зарчим барьсан.
Гэвч энэ нь үл ойлголцол бий болгож байгаа учраас өнөөдрөөс эрүүл мэндийн салбарынханд дахин зохицуулалтыг хийхээр ярьж байна. Тухайлбал нийтээр нь нээх тухай асуудал яригдаж байгаа” хэмээн дурьдав.
Б.Ирээдүй