Коронавирусийн цар тахал дэлхий дахинд бизнест хүчтэй цохилт болсон билээ. Энэ хүнд хэцүү цаг үед Японы эрчүүдийн гоо сайхны салоны эзэн Такуми Тэзука ажлаа хэвийн явуулах арга олжээ. Тэрбээр бизнесээ хялбаршуулаад зогсохгүй үйлчлүүлэгчдийн хүрээг эрс өргөжүүлж чадсан байна.
Японы 40-60 насны бизнесмэнүүд коронавирусээс өмнө гоо сайхны үйлчилгээ, элдэв янзын крем, оо энгэсийг төдийлөн сонирхдоггүй байжээ. Харин одоо тэд онлайн хэлэлцээрийн үеэр гоё сайхан харагдахын тулд Тэзукагийн гоо сайхны салоноор үйлчлүүлэх нь нэмэгджээ.
Энэ бол цорын ганц тохиолдол биш. Японы гоо сайхны Shiseido брэнд цар тахлын үеэр эрчүүдэд зориулагдсан гоо сайхны бүтээгдэхүүнүүд нь урьд өмнөхөөс илүү борлуулалттай байсан гэжээ. Эрчүүд онлайн бага хурлын үеэр компьютерийн дэлгэцийн цаанаас байнга харагддаг болсон тул илүү аятайхан харагдахыг хичээдэг болсон гэнэ. Тиймээс тэдний хэрэгцээг хангахад зориулан компаниас суурь энгэсэг, өө дарагч, толбоны эсрэг бальзам зэргийг гаргажээ. Түүнчлэн 60+ гээд нас насны ангиллаар нь бүтээгдэхүүнээ боловсруулсан байна. Компанийн төлөөлөгчид өдгөө 20-40 насны эрчүүдэд зориулсан бүтээгдэхүүнээ гаргах гэж байгаа гэнэ.
Эрчүүд өнгөрсөн оноос л гоо сайхан сонирхож эхэлсэн юм. Shiseido компани онлайн бага хуралд тусгайлан зориулсан эмэгтэйчүүдийн маскаа цахимаар танилцуулсны дараа мянга мянган эрчүүдээс өөрсдөд нь зориулсан бүтээгдэхүүн гаргаж өгөх хүсэлт ирсэн гэжээ. Тиймээс компани үйлчлүүлэгчидтэйгээ уулзалдаж, нүүрний өнгө төрхийг сайжруулж, үрчлээ тэнийлгэж, нүдийг гялтгануулж, хацарт туяа оруулдаг бүтээгдэхүүн гаргаж эхэлжээ.
Судалгааны Fuji Keizai Group компанийн мэдээллээр 2018-2019 онд Японд эрчүүдийн гоо сайхны зах зээл 5,7 тэрбум доллараар өссөн бол өдгөө энэ тоо улам нэмэгдэж байна. Нас дээр гарсан бизнесмэнүүд өсвөр үеийнхэн болон залуучуудаас ялгаатай нь гоо сайхандаа илүү их мөнгө төлөх хандлагатай байна.
Эх сурвалж: kp.ru
Орчуулагч: Марта