АНУ-ын Флорида мужид хөдөлмөрийн зах зээлийн нөхцөл байдал хүнд байдалд оржээ. The Insider хэвлэлд бичсэнээр энэ мужийн «Макдональдсов» сүлжээнийхэн ажилд орох ярилцлага өгөх гэж ирсэн хүмүүст ирснийх нь тоо 50 ам.доллар төлөхөөс өөр аргагүй болжээ. Ажилд оръё гээд ирснийхээ төлөө л ийм хэмжээний мөнгө авна гээд бод доо.
Түргэн хоолны энэ сүлжээний удирдлагууд ажиллах хүч байхгүй болсноос ийм алхам хийхээс өөр аргагүй болжээ. Өмнө нь «Макдональдс» сүлжээ орлого багатай болон оюутнуудыг ажлаар хангадаг гол газар байсан бол өдгөө котлет шарж, хийжүүлсэн ундаа аяганд хийгээд үйлчлүүлэгчид өгөх хүн ч олдохгүй болжээ. Ийм байдалд орсон тул хэн таарсныг нь ажилд авах сонирхолтой болжээ.
Флоридад рестораны франшиз эзэмшдэг Блейк Касперын хэлснээр ажил хийх хүмүүс олдохгүй болсон нь мужаас ажилгүйдлийн тэтгэмж өндрөөр тогтоосонтой холбоотой гэжээ. Олон хүн бага цалинтай ажил хийснээс ажилгүйдлийн тэтгэмжээрээ амьдарсан нь дээр гэж үзэж байна.
Түргэн хоолны сүлжээний эзэд ажилчид олохын тулд ярилцлаганд ирсэн хүмүүст мөнгө өгөхөөс гадна нийгмийн сүлжээгээр янз бүрийн идэвхжүүлэх ажиллагаа явуулж, шинэ бонус санал болгож байна. Мужид цагийн хөдөлмөрийн доод хөлс 4 ам.доллар байдаг байхад 12-13 ам.доллар болгон нэмэх гэж хүртэл оролджээ. Энэ байдлаар Флоридад үйл ажиллагаа явуулдаг 60 ресторан 115 шинэ ажилтантай болсон аж.
Нөгөө талаас үзэхэд статистикийн мэдээллээр аж үйлдвэрийн өөр салбарууд боловсон хүчний хомсдолд орох нь бага байна. Жишээлбэл цагийн 15 ам.долларын цалин олгодог жижиглэнгийн худалдааны салбарт ажиллах хүчин хангалттай байна. Шинжээчид үүнийг илүү өндөр цалингаас гадна түргэн хоолны сүлжээнд ажилтнууд COVID-19- ийн халдвар авах магадлал өсдөгтэй холбон тайлбарлаж байна.
Эх сурвалж: kp.ru
Орчуулсан Э.Март