Монгол Улсад коронавирусийн мутацид орсон шинэ төрөл Турк улсаас зөөвөрлөгдөн орж ирсэн байж болзошгүй байгаа талаар УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан мэдэгдлээ.
Энэ талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр дэлгэрэнгүй мэдээллийг өглөө. Тэрбээр “Вирус мутацид орсон эсэхийг “whole genome sequencing” аргачлалаар албан ёсоор тодорхойлж, зарладаг.
Манай гурван вирусологич Япон улсад 20 гаруй сорьц дээр ажиллан, шинжилж байна. Эдгээрт мутацид орсон хувилбар илрээгүй. Гэхдээ цаг хугацаа хэмнэх зорилгоор зарим газрын санал болгосноор PCR-т суурилан мутацид орсон хувилбарыг илрүүлэх шинжилгээг хийж үзлээ.
Үүнд 33 сорьцыг хамруулахад Турк улсаас ирсэн гурван иргэнд “UK varient” буюу Британи хувилбар байна гэж гарсан. Эдгээр иргэн Турк улсаас ирээд 10 орчим хонож буй бөгөөд ХӨСҮТ-д эмчлүүлж байна.
Мөн хүн амын дунд хийсэн судалгаанаас хоёр хүнд мутацилагдсан хувилбар гарсан. Бусад хүнд нйитлэг хэлбэр илэрсэн. Өнөөдрийн байдлаар өргөн хүрээнд тархсан гэж хэлэх үндэслэлгүй бөгөөд “whole genome sequencing” хийж байж баталгаажуулна.
Британи хувилбар нь хэдийгээр тархалтын хурд их, хүндрэх магадлал өндөр ч хийх эмчилгээ, баримтлах дэглэм ялгаагүй. Тиймээс халдварын дэглэмээ сайн баривал энэ вирусээс сэргийлэх бүрэн боломжтой” гэлээ.