Та бүхэнд “Eureporter.co” цахим сайтад Даваа гаригт /2021.04.12/ нийтлэгдсэн нийтлэлийг орчуулан хүргэж байна.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 6-наас Европын холбоо, Швейцар, АНУ тэргүүтэй улсууд Беларусын удирдагч Лукашенко болон түүний хүү, хамсаатан нийлсэн 59 хүний дэлхий даяарх хөрөнгө, бизнес, мөнгө угаах хэрэгслүүдийг царцааж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн.
Энэ үеэр Лукашенкогийн мөнгө угаах сүлжээ нь Эстони, Бүгд Найрамдах Доминикан дахь оффшор компаниудад Монголоор дамжуулан их хэмжээний мөнгө илгээж байсан нь тогтоогджээ.
Лукашенко мөнгө угаах хэд хэдэн сувагтай байв. Үүний нэг нь уул уурхайн хүнд даацын ачааны машин, тоног төхөөрөмж үйлдвэрлэгч “Белаз” байв. Беларусийн төрийн өмчит “Белаз” компани нь Монгол дахь албан ёсны диллер болох “United Belaz Machinery” компаниар дамжуулан ачааны машин болон бусад бүтээгдэхүүнийг борлуулдаг.
“United Belaz Machinery” компанийн хувьцаа эзэмшигчид нь Монгол Улсын иргэн Отгонжаргал Моёле, Белорусийн иргэн Владимир Геннадьевич Япринцев нар байв. Япринцев нь самбо бөхийн дэлхийн гурван удаагийн аварга. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай нөхөрлөдгөө олон нийтэд зарлаж байсан. Тэд 1980-аад оны дунд үеэс самбо бөхийн спортоор дамжуулан танилцаж, Монголд хамтарсан үйлдвэр байгуулжээ.
Харин Отгонжаргал Моёле бол Х.Баттулгын хувийн туслахаар ажиллаж байсан хүн юм. Тэрбээр “Түмэн хишигтэн”, “Баялгын хувь” гэх хоёр компанийн хувьцаа эзэмшигч байжээ. Харин одоо М.Отгонжаргал Монгол Улсын Ерөнхий прокурорын газарт өндөр албан тушаал хашиж байна.
“United Belaz Machinery” нь Монголд “United Belaz Machinery Investment Company” хэмээх охин компанитай. Энэ нь Лукашенкогийн уул уурхайн тоног төхөөрөмжийг Монголд зарж байгаа нэрийн дор мөнгө угаасан гэж сэжиглэгдэж байгаа юм. “United Belaz Machinery”-ийн өмчлөлийг хожим Бүгд Найрамдах Доминикан улсын “Meress”, Эстони улсын “Blustait” компанид шилжүүлжээ. Эдгээр оффшор компаниудын эзэд нь Лукашенкотойгийн холбоотнууд аж. “United Belaz”-ийн мэдээлэл маш хатуу хамгаалалттай байдаг.
Олон улсын эрэн сурвалжлах “ProPublica” сайт “МакКинсейг цөлсөн улс” гэсэн тайланг нийтэлж, Монголын төмөр зам барих схем, хуурамч ТЭЗҮ-ийг бий болгохтой холбоотой авлигын хэргийг нарийвчлан харуулж байв. Тухайн үед Зам, тээвэр, хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан Х.Баттулга, түүний зөвлөх Ганбатын Чулуунхүү нар энэ хэрэгт шууд холбоотой талаар энэ нийтлэлд тодорхой бичсэн байлаа.
Ингээд Х.Баттулга Ерөнхийлөгчөөр сонгогдоод, дараа нь хэргийг шалгаж байсан Ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газрын даргыг огцруулж, яллагдагчаар татах, энэ хэргийг шалгах ажиллагаа дууссан байдаг. Төмөр замын шалгалтын үеэр Отгонжаргал Моёле нь Х.Баттулгатай холбоотой компани, сангуудын дансанд олон сая ам.доллар бэлнээр байршуулж байсан нь ч илэрч байв. Отгонжаргал Моёле бол Х.Баттулгын гэгддэг C1 телевизийг үүсгэн байгуулагч, захирал асан Их Британийн Бен Моёлегийн эхнэр юм.
“United Belaz Machinery” нь төрийн өмчит Багануурын уурхайд нүүрсний дөрвөн машин, дөрвөн өөрөө буулгагч, бульдозер нийлүүлж байжээ. Нүүрс бутлах, ачих байгууламжийг өргөтгөх төслийг хэрэгжүүлэхийн тулд Хөгжлийн банкнаас 18.6 тэрбум төгрөгийн зээл авсан ч буцааж төлөөгүй.
27 тэрбум төгрөгийн өртөгтэй нийт 35 ширхэг Белазын тоног төхөөрөмжийг мөн Эрдэнэт үйлдвэрт нийлүүлжээ. Ингэхдээ үйлдвэрийн удирдлагуудтай үгсэн хуйвалдаж, үнийн мэдээллийг хуурамчаар үйлдэн улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэгдэж байгаа юм.
Зах зээлийн үнээс хэт өндөр үнээр хийгдсэн энэ наймааны ард Х.Баттулгын шахалт, нөлөө байсан уу? Хэрэв тийм бол эрх мэдлээ урвуулан ашиглаж, тодорхой ханган нийлүүлэгчид давуу эрх олгосон үйлдлээрээ Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу эрүүгийн хариуцлага хүлээх ёстой.
Ийнхүү Беларусийн автократ удирдагч Лукашенкогийн мөнгө угадаг сүлжээ илэрч байна. Өмнө нь “FATF” болон Европын холбооны зүгээс Монгол Улсад “Эдийн засгийн өршөөлийн хууль” гэгчийг гарган улсад их хэмжээний хохирол учруулсан, мөнгө угаасан гэмт хэрэгтнүүдийн өршөөсөн нь “Саарал” жагсаалтад орох гол шалтгаан болсон хэмээн мэдэгдсэн.
Одоо хамгийн чухал зүйл бол Монгол Улсын Ерөнхийлөгч, хууль сахиулах байгууллагын өндөр албан тушаалтны мөнгө угаасан байж болзошгүй хэргийг нарийвчлан шалгах явдал юм.
Эх сурвалж: EUREPORTER.CO
NEWS.MN