Дэлхий даяар жимс, ногоог хурдан муутгахгүйн тулд пестицид гэх хорт бодисыг хэрэглэж байна. Энэ бодис нь маш олон төрлийн хавдар, өвчлөлүүдийг үүсгэдэг. Тэгэхээр манай орны нөхцөлд хаанаас, ямар хүнс орж ирдэг билээ. Хяналт шалгалт хэр хийдэг билээ гэдгийг бид бодолцож үзэх ёстой. Мөн Улаанбаатарын ойр орчимд ургасан жимс, ногоо нь органик байж чадахгүй. Улаанбаатарын хөрсний бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн. Тэгэхээр бидний зүгээс хамгийн аюулгүй найдвартай сонголт нь цэвэр жимс, ногооны органик шүүс юм. Үүнийг органик дэлгүүрээс худалдаж авч болно. Үгүй бол та үнэхээр органик нь найдвартай жимс, ногоо олж аваад шүүсийг нь шинээр шахаж уух гэсэн сонголт байж болох юм. Мэдээж органик шүүс нь дэлгүүрт худалдаалагдаж байгаа элдэв консервант, нөөшлөгч бодис агуулсан бусад шүүснүүдээс үнэтэй. Гэхдээ бид өөрсдийн эрүүл мэндээс мөнгөө харамлах нь утгагүй. Өвдөөд эмнэлэгт очсон үедээ бид эм, тарианаас мөнгөө харамлахгүй аль сайн гэснийг нь авахыг хичээдэг. Тэгвэл өвдөхгүй, эрүүл байхын тулд бид харамч сэтгэлгүйгээр эрүүл хүнс сонгодог байх хэрэгтэй. Бид зовж олсон мөнгөө зөв зүйлд зарцуулах ёстой. Зөв зүйл бол зөв, шимтэй хүнс юм.
Содатай усанд орох. Содатай усанд орох нь эрүүл мэндийн хувьд маш чухал. Нойргүйдэлд сайн нөлөөтэй. Мөн төрөл бүрийн стресс, уур уцаарыг багасгах нөлөө үзүүлдэг. Тамхи татаж биедээ маш их никотин оруулдаг хүмүүс долоо хоногтоо ядаж ганц удаа содатай ваннд суух хэрэгтэй. Мөн архи уусан хүн ч ялгаагүй.
Ханиад, хөхүүл ханиадын үед болон цэвэрлэгээний үед содатай ваннд суух нь маш тохиромжтой. Ваннтай усандаа ойролцоогоор 230 гр сода хийж уусгаад халуун бүлээн усанд 10-25 минут сууна. Хэрвээ сууж чадахаар бол ус халуун байх тусмаа сайн. Муу хөлсөө сайн гадагшлуулах ёстой. Усаа зүрхнээсээ дээш гаргахгүй. Ийм усанд орох үед зарим хүмүүст толгой эргэх, дотор муухайрах мэдрэмж төрж магадгүй. Энэ нь хордлого тайлагдаж буйн шинж. Тиймээс сандрах хэрэггүй. Энэ үед уснаасаа болгоомжтой гараад нэг аяга бүлээн шүүс уугаад хэвтэж амрах хэрэгтэй. Ваннтай усанд орох боломжгүй хүмүүс маань сода усныхаа харьцааг бодож байгаад тааруулан хийгээд хөлөө дүрээд суугаарай. Содатай усанд хүүхдээ ч суулгаж болно. Ямар ч харшилгүй хүмүүс жамц давс гичтэй ваннд бас сууж болно. Энэ цусны эргэлт сайжирч, хөлс их гаргадаг. Биедээ халуун их үүсгэвэл хүн их жин хаядаг. Жирэмсэн хүн орж болохгүй.
ГУРВАН ӨДРИЙН БОР БУДАА, ШҮҮСТЭЙ ЦЭВЭРЛЭГЭЭ
Анх мацаг барьж үзэх гэж байгаа хүмүүст шүүсээр хөнгөн мацаг барихыг зөвлөж байгаа. Тэгэхээр бор будаа болон жимс ногооны цэвэр шүүсийг ашиглан олон хоногийн цэвэрлэгээг хийж болно. Үүнийг мацаг гэхгүй шүүстэй цэвэрлэгээ хэмээн нэрлэх нь илүү тохиромжтой байх.
Энэ цэвэрлэгээний үед хүн бүр 8-10 аяга ус ууна. Усаа уухдаа мэдээж гучин минут тутамд бага багаар шимж ууна. Жимс, ногооны шүүсээ бүлээвтэр ууна. Хэмжээний хувьд өөрийн дураар зохицуулна. Шүүсэндээ бага зэргийн жамц давс хийгээд ууж болно. Жамц давс долоох үед өлсөх мэдрэмж буурдаг талтай. Долоон төрлийн органик будааг угааж 3-4 цаг дэвтээсний дараа агшаана. Эхний өдрөө жаахан амттай идмээр байвал будаагаа усан үзмийн тосонд хуураад идэж болно. Сонгино ногоо бага зэрэг хийж болно. Мөн жамц давс юмуу, органик цуугаар амтлаарай. Нэг аяга будааг маш сайн зажилж иднэ. Дараагийн өдөр будааны хэмжээг багасгаж болно. Сайн зажилж идэх тусам амархан цаддаг. Хэрвээ оройд будаа идмээргүй санагдаж байгаа бол биеэ албадан заавал идэх шаардлагагүй. Харин ногооны шүүснээсээ багахан ууж болно.
Өглөө босоод нэг аяга бүлээн усанд бага зэргийн лимоны шүүс болон мапл сироп \агч модны сироп\ нэг халбагыг хутгаж ууна. Энэ нь өглөө боссон биеийг маш сайн цэвэрлэж өгнө. Эсвэл цэвэр хар чавганы шүүс нэг аягыг уугаад араас нь 1-2 аяга ус ууж болно.
Өглөөний хоол нь шүүс байна. Алим лууван, манго, ханборгоцойн шүүс байсан ч болно. Өдөр 13 цагт 14 төрлийн ногооны шүүсээ ууна. Хэмжээг та өөрөө тааруулна. Ийм шүүс уух үнэхээр боломжгүй бол органик ногооны салат хийж идэж болно. Манай нөхцөлд цэвэр ногоо олох боломжгүй тул шүүс нь илүү найдвартай байх болов уу. Орой дахиад долоон төрлийн будаанаасаа нэг аяга иднэ. Ийм маягаар гурван өдөр цэвэрлэгээ хийхэд бие маш сайхан хөнгөрнө.
Хөдөө орон нутгийн хүмүүст олон төрлийн будаа, ногооны шүүс олоход хэцүү. Тэгэхээр дан бор будаа болон, аньс, чацарганы шүүсээрээ орлуулж болох юм. Үүнийг бүр боломжгүй тохиолдолд л зөвлөж байгаа юм шүү.
Биеийг дотроос нь цэвэрлээд байвал аяндаа үс, арьс, нүд, хумс бүх бие гэрэлтээд ирдэг. Та бохирдолтойгоо байгаа тохиолдолд гаднаасаа мянган үнэтэй бүтээгдэхүүн хэрэглээд нэмэргүй. Хүний биеийн цэвэрлэгээ гурван шатлалтайгаар явагддаг. Эхлээд бие цэвэрлэгддэг, дараа нь нөхөн сэргэж эхлэдэг. Эцэст нь бүх өвчин, зовиур бүрэн ангижирна. Энэ нь хэдхэн өдрийн үйл явц биш. Үүнд урт хугацаа шаардлагатай тул та дундаас нь бүү шантраарай. Хэн тууштай, ухамсартай байж чадсан нь үр дүн үзнэ.
Цэвэрлэгээний явцад та зөвхөн сайн сайхан зүйлийг л бод. Өөртөө итгэлгүй, сэжиглэсэн, хардсан байдлаар энэ цэвэрлэгээнд хандвал та үр дүнд хүрэхгүй. Хүн дотроо ямар бодол агуулна, түүнийхээ тусгал болдог. Тэгэхээр та өөрийнхөө хамгийн сайхан гарсан зургийг хараад би яг ийм болно гэсэн итгэлийг дотроо төрүүлээд цэвэрлэгээгээ эхлүүлээрэй. Та тийм сайхан болж чадна. Та сэтгэлээ бодлоо багтааж л чадвал, түүндээ хүрнэ. Энэ үед айхтар дасгал хийх нь зохимжгүй. Сайхан алхаж болно. Цэвэр агаарт гарвал бүр ч сайн. Амьсгалын дасгал хийж болно. Өлсөх болон муу бодол толгойд орж ирсэн үед гүнзгий амьсгаа авч гаргах дасгал хийгээрэй. Танд тавгүй байвал тайвшруулах арома үнэртэн усанд хийгээд сууж болно. Арома эмчилгээ нь цэвэрлэгээ, мацагийн үед бас их үр дүнтэй байдаг. Энэ цэвэрлэгээг таваас дээш сартай жирэмсэн хүн бол барьж болно. Ингэхдээ зөвхөн орой биш өдөр бас будаанаасаа иднэ. Хөхүүл хүн, саахартай хүн ч барьж болно. Ер нь энэ цэвэрлэгээ нь мацаг биш учраас ямар ч өвчтэй хүн барьж болно.
Биеийн цэвэрлэгээ хийх явцад та бага ярина. Энергээ гамнах хэрэгтэй. Мөн муу муухай мэдээ, мэдээллээс холуур бай. Зурагт болж өгвөл битгий үз. Сайхан дуу сонсож, дуулж болно. Элэг цэвэрлэж байх үед инээх сайн гэдэг шүү. Сайхан гэгээлэг хувцас өмс. Хар бараан хувцаснаас татгалзаарай.
Гурав дахь өдрийн өглөө дээр хэлсэн лимонтай ус үгүй бол луувангийн шүүс ууна. Өдөр нь таван будааны зутан иднэ. Ямар нэг ногоотой холихгүй дангаар нь иднэ. Орой нь 14 төрлийн ногооны шүүсээ ууна. Мөн клизм тавьж, усандаа орно.
Эх сурвалж: “Далд ертөнц” сэтгүүл