ЭМЯ-ны өнөөдрийн мэдээллийн үеэр шинэ төрлийн коронавирусийн халдварын эсрэг биеийн урвал тогтоон илрүүлэх оношлуур бүтээж байгаа талаар ШУА-ийн хүрээлэнгийн биологийн хүрээлэнгийн доктор Д.Гантулга танилцууллаа.
-Бид өнгөрсөн жилийн наймдугаар сарын 1 гэхэд тус оношлуурын эхний загварыг гарган эхний шатанд долоон хүний дээж дээр шалгаж үзсэн сөрөг хяналттай харьцуулахад маш өндөр тогтвортой тоон утга гарсан. Үүнийг дараа ХӨСҮТ-д эмчлэгдээд гарсан 200 хүний дээж дээр шинжилгээ хийхэд 188 хүний дээж эерэг, 12 хүнийх сөрөг гарсан. Үүнийг өмнөд хөршид хийгдсэн олон улсад ашиглагдаж байгаа оношлууртай харьцуулахад илүү сайн мэдрэг чанар өндөртэй ажиллаж байна гэсэн дүгнэлтэд хүрсэн.
Бидний гарган авсан оношлуур нь хүний цусны ийлдсэнд SARS-Cov2 вирусийн эсрэг биетийг таньж байгаа бөгөөд хяналттай харьцуулахад гэрлийн шингээлтийн утга гурав дахин их байсан нь оношлогоонд хэрэглэх бүрэн боломжтойг харуулна. Түүнчлэн уг оношлуур нь хэрэглэхэд хялбар, аль ч зэрэглэлийн лабораторид ашиглаж болох давуу талтай бөгөөд гадаад улс орноос худалдан авч буй ижил төстэй оношлуурын бүрэн орлохоос гадна харьцангуй хямд өртөгтэй гэж тооцогдож байна.
Л.Баяр