ЭМЯ-наас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллийг хүргэлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр коронавирусийн халдварын нөхцөл байдал болон сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-ХӨСҮТ болон мэргэжлийн байгууллагаас хатуу хөл хориог 28 хоногоор тогтоох нь үр дүнтэй гэсэн мэдээлэл өгснөөс болж иргэдийн дунд дахин 28 хоног хөл хорих гэж байна гэсэн шүүмжлэл өрнөж эхэллээ. Энэ тал дээр мэдээлэл өгнө үү?
-Анхнаасаа ЭМЯ, ХӨСҮТ-ийн байр суурь 28 хоног байсан. Учир нь энэ өвчний хоёр нууц хугацааны турш Бүх нийтийн бэлэн байдал зарлах санал гаргаж байсан. Нөхцөл байдал дээрдэхгүй, тохиолдлын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Хэдийгээр Бүх нийтийн бэлэн байдал зарлаж, хатуу хөл хорио тогтоосон ч гэсэн ойрын хавьтал болж, нууц үедээ байсан иргэдийн илрүүлэлт нэмэгдэж, өдөрт илрэх халдварын тоо өсч байна. Тиймээс дараагийн 10 хоногт нөхцөл байдлыг үнэлэх, ялангуяа тохиолдлын тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор нас баралт нэмэгдэж байна. Магадгүй энэ хөл хорио дуусах үед нас баралт огцом нэмэгдэх эрсдэл бий. Тиймээс ард иргэддээ үүссэн нөхцөл байдлыг шууд хэлэх нь зүйтэй гэж бодож байгаа. Хэрвээ хөл хорионы төгсгөлд өдөрт илрэх халдварын тоо буурахгүй, нас баралт нэмэгдвэл бид дараа, дараагийн арга хэмжээг зайлшгүй авах шаардлагатай.
-Өнөөдрийн илэрч байгаа 1220 гэдэг тоо хатуу хөл хорио тавигдахаас өмнөх нөхцөл байдлын тоо юу, эсвэл хөл хорио тогтоосон ч ийм өндөр байгаад байна уу?
-Хатуу хөл хорио тогтоосны дараа нууц үедээ буюу 4-5.2 хоногийн дараа илэрч байгаа тохиолдлууд юм. Өөрөөр хэлбэл 4-5 хоногийн өмнө ойрын хавьтал болсон иргэдийн эмнэлзүйн шинж тэмдэг илэрч, шинжилгээний хариу эерэг гарч байна гэсэн үг. Нөгөө талаар нийтийн хөл хөдөлгөөн хумигдсан ч гэсэн гэр бүлийн хүрээнд халдвар авч байгаа байдал буурахгүй, хэвээрээ байна. Нууц үедээ байсан иргэд гэр бүлийн хүрээндээ халдварыг цааш нь тарааж байна. Иймээс гэртээ байгаа иргэд маань аль болох гарч орохгүй, хамаатан садан, найз нөхдийндөө зочлохгүй байх хэрэгтэй. Халдвар авснаа мэдэхгүй тарааж байх магадлалтай.
Л.Баяр