Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд халдвар авч, эмчлүүлж байсан 29 хүн нас бараад байна. Өнөөдрийн хувьд өнгөрсөн хоногт хоёр нас баралт /49 настай эрэгтэй, 44 настай эрэгтэй/ бүртгэгдлээ. 49 настай эрэгтэй хувьд дөрөвдүгээр сарын 13-ны дөр онош нь батлагдсан бол 44 настай эрэгтэйн хувьд СБД-ийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад биеийн байдал нь хүндэрч нас барсан байна.
Л.Баттөр халдвар аваад гэртээ нас барсан таван тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээллээ.
Тэрбээр “Гэрийн нас баралт 5 бүртгэгдсэн. Хэзээ оношлогдсон, ямар эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан, суурь, архаг өвчин юу байв гээд. Бас иргэд PCR шинжилгээнд итгэхгүй байх тохиолдол ч гарсан. Дээр нь заавал PCR шинжилгээний хариу хүлээлгүй хэрвээ ямар нэгэн ноцтой шинж тэмдэг илэрвэл цаг алдалгүй эмнэлгийн байгууллагад хандахыг хүсэж байна” гэлээ.
Мөн “20 настай залуугийн нас барсан шалтгааныг нь тодруулж байна. Шинжилгээгээр эерэг гарсан. Гэхдээ эерэг гарсан болгон халдварын хүндрэлээр нас барсан уу, эсвэл бусад өвчнөөр нас барсан уу гэдгийг тодруулах шаардлагатай. Энэ залуугийн хувьд суурь өвчтэй байсан уу гэвэл байсан. Тэрний нөлөө байсан эсэхийг нь тодорхой хугацааны дараа тодорхой болно. Энэ залуу нийтийн асрамжийн газарт байрлаж байсан юм билээ. Халдварт өртөх өндөр эрсдэлтэй газар юм” гэлээ.
Өчигдөр /2021.04.13/ Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллээр халдвар авсан 20 настай, эрэгтэй нас барсан талаар мэдээлсэн билээ.
Л.Баяр