Ханиад, томуу нь бие махбодод багагүй стресс үүсгэдэг өвчин. Тиймээс ханиад, томуу туссаны дараа биеэ тэнхрүүлэх, тордох зайлшгүй шаардлагатай байдаг. Тэгвэл шинэ коронавирусийн халдвар нь ханиад томуунаас илүү стрессийг биед учруулдаг юм.
Өнөөдөр дэлхийн эмч нар COVID-19 тусаад эдгэрсэн хүмүүсийн 70%-д нь уушги, судас, зүрх, бөөрөнд нь ямар нэгэн байдлаар нөлөө үзүүлсэн байдаг тухай ярьж байгаа юм. Ялангуяа COVID-19-ээс ч өмнө ажиллагаа нь хэвийн бус болсон эрхтнүүд энэ өвчинд хамгийн ихээр өртдөг. Тиймээс сэргээн засах хугацаандаа та эмчлэгч эмчтэйгээ заавал зөвлөлдөх хэрэгтэй.
Энэ удаад бид цөөн тооны ерөнхий хязгаарлалтуудыг танилцуулах гэж байна.
Коронавирус тусаад эдгэрсэн хүмүүс юу хийж болохгүй вэ?
• Идэвхтэй дасгал сургуулилт бүү хий. Бүх эмч нар уушгины хатгалгаа, коронавирусийн дараа биедээ хэт их ачаалал өгч болохгүй, хагас жилийн дараанаас л дасгал сургуулилтандаа алгуурхан орж эхлэхийг нэгэн дуугаар зөвлөж байна. Өөрөөр хэлбэл дасгалжуулагчид жин хаях, кардио дасгал, гүйлт зэргийг нэлээд сүүлд хийлгэхэд анхаарна гэсэн үг.
• Юу болох вэ? Цэвэр агаарт өөрт тохиромжтойгоор тогтмол зугаал. Ялангуяа өглөө, оройдоо зугаалаарай. Эхлээд 5 минут алхах бол дараа нь хугацааг нь нэмнэ. Энэ үеэрээ пульсээ хянана. Хурдтай, эрчтэй гүйлт, алхалтыг хориглоно.
• Агаарын бөмбөлөг үлээж болохгүй. Ковидын дараа таны уушги хэвийн байдалдаа орж амжаагүй, маш ихээр өртсөн байгаа. Харин та агаарын бөмбөлөг үлээж, хамаг хүчээ шавхсанаар уушгиа улам гэмтээж, уушгины ажиллагааг алдагдуулах магадлалтай. Өөрөөр хэлбэл дахиад л шинэ өвчин тусаад эмнэлэгт хэвтэнэ гэсэн үг.
• Юу болох вэ? Гуурсаар устай аяга руу зөөлөн үлээ. Зөөлөн амьсгаа аваад 4 хүртэл тоолоод гуурсаар амьсгалаа гаргана. Гэхдээ амьсгаагаа гаргахдаа 6 хүртэл тоолно.
• Бассейнд явах. Хлортой устай учир COVID-19 тусаад эдгэрснээс хойш эхний 3 сар бассейнд сэлэхгүй байх хэрэгтэй. Харин дараа нь аажмаар дасгал хийж, усан дотор орохгүйгээр сэлнэ. Жишээ нь эрвээхэй сэлэлт, мөлхөө сэлэлтийг түр хойшлуулах нь зөв. Нуруугаараа дээш хараад биеэ сул тавьсан байдалтай, эсвэл хэмжээндээ таарсан хийлэгчтэйгээр сэл. Та олимпийн шигшээ багийн тамирчин биш гэдгээ санаж, аажмаар биеийн галбираа засна гэж тооцоолоорой.
• Саун, ууранд суух, харзанд орох. Зүрх, судсаа ачаалалд оруулахгүйн тулд 3-4 сарын турш иймэрхүү халуун уур, хүйтэн харз зэрэгт орохыг цээрлэх хэрэгтэй.
• Тосон утлага хийх. Эмээ нар маань биднийг ханиад хүрэхэд тосон утлага хийж, уушгийг халдваргүйжүүлж, үрэвслийг нь дардаг байсан билээ. Гэтэл энэ шинэ халдварт ийм утлага хийж болохгүй. Эфирийн тос ууршдаггүй бөгөөд уусаагүй хэсэг нь амьсгалын замд орж цулцанд суучихдаг. COVID-19-ийн үед цулцан хамгийн ихээр өртдөг байна. Хүний уушгинд зөвхөн агаар л орох ёстой.
• Ургамлын ханд уух буюу биедээ түрхэх. Ханиалганд сайн гэгддэг бүхий л ургамлын хандыг март. Корона бол энгийн нэгэн ханиалга биш. Харин ургамал элдэв зүйл хэрэглэснээр харшлын урвал үзүүлж мэднэ. Доргоны тос, зөгийн бал, спиртэн ханд зэргээр биеэ үрэх, бигнүүр тавих ч ашиггүй.
• Гоо сайханд орох. Уураар утах, хатгуулах зэрэг гоо сайхны үйлчилгээг эдгэрснээсээ хойш 3-4 сараар хойшлуулаарай.
• Юу болох вэ? Гэрийн нөхцөлд өөрийгөө арчлаарай. Өвчин бүрэн илааршихыг хугацааг өөртөө өгч, удахгүй хэвийн амьдралдаа орно гэдэгт итгэлтэй байгаарай.
Эх сурвалж: wday.ru
Орчуулсан Э.Март