Монгол Улс 2021 оны эхний улиралд нийт 121 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 3.5 тэрбум америк доллар, үүнээс экспорт 2.0 тэрбум америк доллар, импорт 1.5 тэрбум америк долларыг эзэлж байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.3 (60.4%) тэрбум америк доллароор, экспорт 964.6 (93.1%) сая америк доллароор, импорт 362.1 (31.2%) сая америк доллароор тус тус өсжээ. Харин 2021 оны 3 дугаар сард экспорт 665.8 сая америк доллар, импорт 601.4 сая америк доллар болж, өмнөх сараас экспорт 28.8 (4.1%) сая америк доллароор буурч, импорт 138.0 (29.8%) сая америк доллароор өссөн байна.
БНХАУ-д экспортолсон бараа бүтээгдэхүүний 34.3 хувийг чулуун нүүрс, 33.6 хувийг зэсийн баяжмал эзэлж байгаа бол Сингапур улсад экспортолсон барааны 96.6 хувийг чулуун нүүрс, ОХУ-д экспортолсон барааны 41.1 хувийг жонш эзэлж байна.
Экспорт 2021 оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс 964.6 сая америк доллароор өсөхөд зэсийн баяжмалын экспорт 269.9 сая америк доллар, нүүрсний экспорт 439.4 сая америк доллароор нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна. Харин экспорт өмнөх сараас 28.8 сая америк доллароор буурахад зэсийн баяжмалын экспорт 25.9 сая америк доллароор буурсан нь голлон нөлөөлжээ гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.