Монгол Улс цэвэр усны нөөцөөрөө дэлхийн 145 орноос 22-т эрэмбэлэгддэг ч усыг хуримтлуулж, нөөцлөн ашигладаггүй учраас усны нөөц хамгийн бага 20 орны тоонд багтдаг байна.
Монгол оронд бүгд нийлээд 67 000 км урт болох 3811 гол горхи, 500 м³ эзэлхүүнтэй 3500 гаруй нуур, 7000 орчим булаг шанд, 540 м² талбай бүхий 190 гаруй мөсөн гол, 250 гаруй рашаан, газрын доорх усны 139 орд газар бий. Харамсалтай нь, 2019 оны байдлаар 264 гол мөрөн, 704 булаг шанд, 286 нуур тойром, 12 рашаан ширгэжээ. Улаанбаатар бол хот дотроо рашаантай дэлхийн хоёр нийслэлийн нэг юм.
Монголын гол мөрнийг Умард мөсөн далайн, Номхон далайн, Төв Азийн гадагшаа урсгалгүй гэсэн гурван ай савд хуваадаг аж. Монголын хамгийн урт гол Орхон 1124 км урт, усаа цуглуулах талбай 133000 км². Харин Хэрлэн голын хувьд, БНХАУ-ын нутгаар урсдаг хэсгийг нь оруулж тооцвол 1200 км юм. Хамгийн ус ихтэй нь Сэлэнгэ мөрөн. Жилийн дундаж урсац нь 300 м3/сек байдаг.
Монгол орны хамгийн том мөсөн гол нь Алтай Таван богд дахь Потанины мөсөн гол бөгөөд 20 км орчим урттай. Манай орны хамгийн том Увс нуур 3350 км² талбайтай бол Хөвсгөл нуур хамгийн гүн буюу 238 метр юм.
Б.Эрдэнэ