Алдар нэр, эд баялаг гэдэг алдартнуудын хүчирхэг үзүүлэлт. Гэвч энэ бүгд заримдаа зүрх сэтгэлээрээ сул дорой хүмүүсийг улам завхруулж, амьдралыг нь сүйрүүлдэг. Мэдээж энэ шалгуурыг бүгд даван гарч чадалгүй, карьерынхаа ид оргил үед гэнэт л бодлогогүй үйлдэл хийснээсээ болоод амжилтынхаа замыг баллаж орхидог юм. Өнөөдөр бид ийм шалгуурыг даван туулж чадаагүй хүмүүсийн амьдралын түүхийг сургамж болгох үүднээс жишээ татан оруулж байна.
Бен Жонсон, хөнгөн атлетикч
Ямайк гаралтай Канадын хөнгөн атлетикч энэ залуу 1984 оны Олимпод өөрийнхөө чадвар чансааг харуулж, их спортод цахиур хагалсан юм. Тэрбээр энэ олимпоор анхны хүрэл медалиа хүртжээ. Гурван жилийн дараа 100 метр 9,83 секунд гүйн рекорд тогтоож, хамгийн хурдан гүйгч болж чаджээ. Ийнхүү түүний зам дардан болж, 1988 оны дараагийн Олимпоор тэр ялах нь бараг тодорхой болоод байв. Гэвч допингийн эсрэг комисс гэнэт түүнийг ялгаж, станозолол хэрэглэсэн асуудлаар тамирчны эрхийг хасчээ.
1991 онд түүний тэмцээнд оролцох эрхийн хориг дуусаж, Бен Жонсон дахиад л мэргэжлийн спортдоо орж ирлээ. Гэтэл дахиад л түүний шинжилгээнээс хориотой бодис илрэх нь тэр. Ийнхүү түүний спортын тэмцээнд оролцох хориг нь бүх насаараа тавигдах хориг болжээ. 2009 онд тэрбээр хийсэн үйлдлээ тайлбарлахдаа стероидыг уусан шар айрганд нь хэн нэгэн хорон санаатан нэмсэн гэж мэдэгджээ. Гэхдээ хөнгөн атлетикийн тамирчин тэрбээр саяхныг хүтэл допингийн эсрэг албанд илрээгүй байсан фуразобол хэрэглэдэг байсан нь тодорхой болсон юм.
Лэнс Армстронг, дугуйчин
Америкийн дугуйн спортын домог, 1999-2005 он хүртэлх Тур де Франс уралдаанд 7 удаа түрүүлсэн цорын ганц тамирчин. 1993 онд 22 насандаа хурдны замын дугуйн уралдаанд хамгийн залуудаа түрүүлсэн дэлхийн аварга болж байсан. Гэвч удалгүй тэрбээр төмсөгний үсэрхийлсэн хорт хавдар гэх онош сонсож, спортын карьераа орхиход хүрсэн юм. Эмч нар түүнийг амьд гарах магадлал 20% гэж байлаа. Лэнс энэ өвчнийг ялан дийлээд зогсохгүй баатар олж, амьдралд дуртай, спортод хайртайгаараа өвдсөн зовсон хүмүүст ирээдүйдээ итгэх итгэл бэлэглэсэн юм.
Тэрбээр “Лэнс Армстронгийн сан” хэмээх хорт хавдраар өвчилсөн хүмүүст туслах сан байгуулж, хавдартай хэрхэн тэмцсэн тухайгаа ном бичиж, 5 хүүхэдтэй болжээ. Гэвч 2012 оны допингийн дуулианаас болоод тэрбээр спортын алдартай брэндүүдтэй гэрээгээ цуцлахаас өөр аргагүй болсноос гадна бүх насаараа уралдаанд оролцох эрхээ хасуулж, 2000 оны олимпийн медаль, түүнчлэн Францын Ерөнхийлөгчөөс хүртсэн Хүндэт легионы одонгоо буцаахад хүрсэн юм. Лэнс карьерынхаа туршид допинг хэрэглэж байсан гэдгээ хүлээж, түүний танил тамирчид ч мөн ийм үйлдлээ хүлээн зөвшөөрсөн аж.
Жордан Белфорт, санхүүч
Зах зээлийн савлагааг нарийн мэдэрдэг авьяаслаг брокер луйврын схемээр их хэмжээний мөнгө олжээ. Санхүүгийн амжилтынхаа ид оргил үедээ хэдэн мянган ажилтантай байсан түүний компани жилд нь тэрбум гаруй ам.долларын хэмжээтэй үйл ажиллагаа явуулдаг байв. Амжилттай яваа уг фирмийн үйл ажиллагааг хууль сахиулах байгууллагынхан сонирхож, оффист нь брокеруудын олон тооны гомдол санал тасрахаа больж эхлэв. Ингээд мөрдлөг шалгалтаар Жордан Белфорт 1998 онд луйвар хийсэн, мөнгө угаасан хэрэгт холбогджээ.
Тэрбээр шоронд 22 сарыг өнгөрөөхдөө санхүүгийн зах зээл дээрх өөртөө итгэлтэй байдлаа бүрэн алдсан гэхэд болно. Өдгөө санхүүч асан дурсамж ном бичиж, бусдад урам зориг өгөх лекц уншиж байна. Хувийн амьдрал нь мөн л сүйрч, түүний хоёр дахь эхнэр, хоёр хүүхдийнх нь эх модель Надин Кариди нөхрөө олон удаа араар тавьсан, хар тамхи хэрэглэдэг гээд салаад явжээ.
Ингээд амар хялбар аргаар мөнгө олж баяжсан тэрбээр хүүхэн, хар тамхинд толгойгоо мэдүүлснээс болоод ухаалаг, авьяаслаг хүний карьераа дуусгасан түүхтэй. Түүний амьдралын түүхээр “Уоллс-Стритийн чоно” хэмээх дурсамж кино хүртэл гарсан байдаг.
О.Жей Симпсон, хөлбөмбөгчин, жүжигчин
Жей Симпсон спортын амжилттай карьераа босгоод, удалгүй Холливудыг эзэгнэх их амжилтын эзэн болсон түүхтэй. Түүний нэрийг 1985 онд Америкийн мэргэжлийн хөлбөмбөгийн Алдрын зааланд хүртэл байршуулжээ. Үндэсний хөлбөмбөгийн лигийн од тэрбээр зар сурталчилгаанд амжилттай тоглож, телевизийн спорт тайлбарлалтаар чамгүй мөнгө олж байв. Тэрбээр хэдэн арван кинонд дүрээ бүтээснээс “Нүцгэн гар буу” кино нь хамгийн ихээр алдаршсан юм. Гэвч алдар нэр хүнд түүнд буруугаар нөлөөлж, 1994 онд эхнэрээ залуу нууц амрагтай нь хөнөөсөн хэрэгт холбогдов.
Тангарагтны шүүхээс жүжигчнийг буруутгах хангалттай нотолгоо байхгүй гэдэг үндэслэлээр цаазын ялаас мултарч чадсан юм. Гэвч иргэний шүүхээс Симпсоныг амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд 33,5 сая ам.доллар төлүүлэх шийдвэр гаргажээ. Цааш нь уураа барьж чаддаггүй тамирчин, жүжигчин эр 2008 онд спортын цомын худалдааны буудалд орж, гар буугаар сүрдүүлж байгаад нэгэн цагт өөрөө эзэмшиж байсан цомыг эргүүлэн авчээ. Үүнийхээ төлөө тэрбээр 18 жилийн хорих ял авч, 2017 оны сүүлчээр л суллагдсан юм.
Мел Гибсон
Энэ алдартай жүжигчнийг мэдэхгүй хүн ховор биз ээ. 2000-аад оны эхээр дэлгэцийн кино болгонд л түүний тоглосон бүтээлүүд гарч, Америкийн тулаантай киноны оддын нэгэнд тооцож байлаа. Гэвч Мел Гибсон өөрийнхөө алдар нэрэнд хэтэрхий эрдэж, үзэл бодлогоо илэрхийлэх эрх чөлөөг юу ч хийж болно гэдэгтэй андуурчээ. Ингээд бэлгийн цөөнхүүдийг бүдүүлгээр дуудсан, еврейчүүдийн эсрэг үзэл гаргаж эхлэв.
Энэ бүгдийн эцэст нөлөө бүхий олон байгууллага, томоохон кино компаниуд түүнтэй хамтран ажиллахаас татгалзжээ. Хурц хэл амтай Гибсоноос Холливудын нөхөд, продюсерүүд төлж, жүжигчний карьер нь шууд унаж эхэлсэн байна. Гэхдээ аливаад муугийн хажуугаар сайн байдгийн адил тэрбээр өөрийгөө найруулагч ажилд сорьж үзээд, 2016 онд нэгэн кино нь Оскарын шагнал хүртжээ. Холливуд Гибсоныг уучилсан аж.
Чарли Шин
Чарли Шин “2 хагас хүн” цуврал киноны Шарлье Харперын дүрээр үзэгчдийн дунд нэрд гарсан жүжигчин юм. Энэхүү киноны ачаар тэрбээр супер од болж, нэг цувралаар нь л гэхэд 1,8 сая ам.доллар халаасалж байлаа. Гэвч өөрийгөө хэт өргөмжилсөн энэ жүжигчин кино бүтээгчдээ хэтэрхий их доромжилсон мэдэгдлүүд хийснээсээ болоод карьераа унагасан аж. Түүнийг шоунаас дуулиантайгаар хөөсөн гэдэг. Цааш нь тэрбээр ярилцлагандаа өөрийгөө далдын увдистай, судсаар нь “барын цус” гүйдэг гэж “тэнэгтжээ”. Хувийн амьдралынх нь дуулиан сонины эхний нүүрнээс салахаа больж, архи уусан, хар тамхи хэрэглэсэн, хүчирхийлэл үйлдсэн зэрэг асуудлууд тасралтгүй үргэлчилсэн юм. Энэ бүгдийн эцэст нэр хүндэд нь засаж болохооргүй сэв суужээ.
Эх сурвалж: kulturologia.ru
Орчуулсан Э.Март