УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржид холбогдох хэргүүдийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст сэргээн шалгаж эхэлжээ. Түүнийг хэдэн жилийн өмнө нэг бус үндэслэлээр шалгаж байсан ч төрийн өндөр албан тушаалтан болсноос нь хойш тэгсхийгээд замхарсан билээ. Тухайлбал, 2017 онд Гадаадын иргэн харьяатын газар (ГИХГ)-аас төрийн 160-аад сая төгрөгийн хөрөнгийг шамшигдуулсан байж болзошгүй үйлдлийг шалгуулах хүсэлт ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст гарган шалгуулж байв. 2012-2016 оны Засгийн газрын үед Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газар (ГИХАЭГ)-ын удирдлагууд “Тайдер солюшн” гэх компанитай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байдаг. Тодруулбал, “Монгол Улсын виз мэдүүлэх, түүнийг хянан шийдвэрлэх интернэт орчинд суурилсан мэдээллийн систем нийлүүлэх”, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн бараа тээврийн хэрэгсэл, түүний жолоочийг улсын хилээр нэвтрүүлэх үйл ажиллагааг хөнгөвчлөх мэдээллийн систем бий болгох” гэсэн гэрээг 2013, 2014 онд байгуулсан юм байна. Үнийн дүнд нь 159.5 сая төгрөг ГИХАЭГ-аас дээрх компанид төлжээ. Гэвч хуурамч гүйцэтгэлээр дээрх хэмжээний мөнгийг гаргуулан авч залилсан байж болзошгүй гэх үндэслэлээр 2017 оны хоёрдугаар сараас тухайн үеийн ЭЦГ-т шалгаж эхэлсэн бөгөөд тун удалгүй харьяаллын дагуу АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлж байсан юм. Түүнээс хойш чухам хэрхсэн нь тодорхойгүй өнгөрсөн. ГИХГ-ын ажилтнуудын дунд “Тайдер солюшн” компани нь тухайн үед ГИХАЭГ-ын даргаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн эхнэрийнх гэсэн яриа ч тэр үед гарч байв.
Тэгвэл өдгөө АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст үүнээс өөр хоёр ч үндэслэлээр шалгаж эхэлсэн гэдгийг хэд хэдэн эх сурвалж баталлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар (ИХШХЕГ)-ын даргаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулан хууль зөрчсөн байж болзошгүй гэх үндэслэлээр 2015 онд нээсэн байсан хэргийг нь сэргээсэн гэнэ. “Эрдэнэс Тавантолгой” ХХК-иас нүүрс тээвэрлэдэг БНХАУ-ын 306 иргэнд виз олгохдоо холбогдох хууль тогтоомж зөрчиж, энгийн тарифаар буюу нэг хүнээс 126 000 төгрөг хураах хууль бус үүрэг албан тушаалтнууддаа өгсөн аж. Үүнээс нь болж 2013 оны арваннэгдүгээр сараас 2014 оны аравдугаар сар хүртэлх хугацаанд улсын төсөвт орох ёстой байсан 38.5 сая төгрөг ороогүй. Мөн БНХАУ-ын таван иргэнд яаралтай горимоор виз олгохдоо нэг хүнээс 504 000 төгрөг хураах ёстой байхад энгийн тариф болох 252 000 төгрөг авсан, дээрх хоёр үйлдлийнх нь улмаас улсын төсөвт 40 сая төгрөгийн хохирол учирсан гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн байдаг.
Түүнчлэн Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөний улмаас улсын төсөвт 236 сая 544 мянган төгрөгийн хохирол учруулсан гэх үндэслэлээр Б.Пүрэвдоржид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан ч 2016 оны нэгдүгээр сард хэргийг нь хэрэгсэхгүй болгосон аж.
Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж ИХШХЕГ-ын даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулсан дээрх үйлдлүүдийн улмаас улсын төсөвт нийтдээ 276.6 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг 2020 оны арваннэгдүгээр сард сэргээн шалгуулахаар прокурор шийдвэрлэж өдгөө АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст прокурорын даалгаврын дагуу нэмэлт ажиллагаа хийж буй аж.
Эдгээрээс гадна эрхэм гишүүнийг Засгийн газрын тусгай сангийн хууль зөрчиж, Мал хамгаалах сангаас нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр их хэмжээний зээл авахад эрх мэдлээ ашиглан оролцсон гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байна. Мал хамгаалах сангаас аж ахуйн нэгжүүдэд 40 тэрбум төгрөгийн хүүгүй зээл 2017 онд олгосон байдгаас 29 аж ахуйн нэгж ямар нэг төсөл хөтөлбөр ирүүлээгүй атлаа хууль журам зөрчин зээл авсан нь аудитын дүгнэлт, хууль сахиулах байгууллагынхны шалгалтаар тодорхой болсон аж. Тэдний дотор УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн хамаарал бүхий хүн болох төрсөн эгчийнх нь нөхөр А.Цогт-Очирын үүсгэн байгуулсан “Жинст транс” ХХК 1.3 тэрбум төгрөгийн хүүгүй зээл авсан байдаг. 2014 онд байгуулсан тус компанийг 2019 оны хоёрдугаар сард Б.Төрмөнх гэж хүнд шилжүүлсэн байгаа юм. Барилга угсралт, хуурай замаар ачаа тээвэрлэх, фитнесс клуб, тээвэр зуучийн үйл ажиллагаа явуулдаг “Жинст транс” ХХК “Өвөл, хаврыг өнтэй давъя” аяны хүрээнд Мал хамгаалах сангаас дээрх зээлийг авсан бөгөөд төрд мөнгөө хугацаанд нь эргүүлэн төлөлгүй 1-2 жил болсон. Улмаар Мал хамгаалах сангийнхан шүүхэд хандаж байсан удаатай. Юутай ч ЖДҮХС-гаас УИХ-ын гишүүд нэн хөнгөлөлттэй зээл албан тушаалаа ашиглан авсантай адил үйлдэлтэй байж болзошгүй гэсэн үндэслэлээр Б.Пүрэвдоржийг шалгаж эхэлсэн гэх мэдээлэл бидэнд ирлээ. Шалгалтын явцад нэр бүхий улс төрийн албан тушаалтан хүүгүй зээл авахад нөлөөлсөн гэх нөхцөл байдал тогтоогдвол хэрэгт хамтран оролцсон гэх үндэслэлээр яллагдагчаар татаж болзошгүй гэнэ. Хэрхэн шийдвэрлэхийг цаг хугацаа харуулах биз ээ.
Бэлтгэсэн: Г.Равжаа