Олимпийн тэнгэрт Монгол төрийн дуулалаа эгшиглүүлсэн анхны олимпийн алтан медалийн эзэн Найдангийн Түвшинбаяраар монголын ард түмэн бахархаж ирсэн. Түүний энгэртээ зүүсэн алтан медаль 2008 оны 7 дугаар сарын 01-ний аймшигт өдрийн үймээн, талцал, үл ойлголцлыг зөөллөн, улс төрд үүсээд байсан хурцадмал уур амьсгалыг намжаан, ард түмнээ сэргээж байсныг олон нийт мартаагүй. Н.Түвшинбаяр ч олны итгэл найдварыг таслалгүй олимпийн хоёр дахь медалиа энгэртээ зүүж түмэн олноо баярлуулж байлаа.
Гэвч олимпийн аварга Н.Түвшинбаяр дотны найз Э.Энхбатыгаа аймшигтай зодож хүнд бэртээн өөрөө Ганц худагийн хорих ангид хоригдоод хэд хонож байна. Дотны найзаа хэрцгийгээр зодсон Н.Түвшинбаярын асуудал сошиал орчныг гайхшруулахын сацуу ард түмний хүндлэлийг хүлээх амархан, түүнийг тээж явах нь хамгийн хэцүү гэсэн өвгөдөөс дамжин ирсэн хэлц үг ч эргэн сөхөгдөж эхэллээ.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаярын зодооны хэрэг зүгээр нэг найз нөхдийн маргаан байгаагүй талаар зарим эх сурвалжууд мэдээлсэн. Тодорхой хэлбэл, зодоон өрнөдөг өдөр ХУД-ийн нутаг дэвсгэрт байрлах “Их хуралдай” төвд байх Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Гал-Эрдэнийн өрөөнд Булганы Ардчилсан намынхан цугларсан. Тэнд маргааш нь Ц.Туваан, Ерөнхийлөгч Х.Баттулга нарын талаас зохион байгуулсан АН-ын даргаар сонгогдсон О.Цогтгэрэлийг ёсчлох арга хэмжээг Булганы АН-ын зүгээс дэмжих үү, үгүй гэдгийг хэлэлцэж байсан. Энэ үеэр Булган аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат Н.Түвшинбаярт Э.Энхбатыг ховлож, сургамж өг гэснээр зодоон үүссэн талаар эх сурвалжууд мэдээлж буй.
Улсын начин Э.Энхбатын бие үхэл, амьдралын зааг дээр дэнчигнэж, монголчуудын бахархалт хүн Н.Түвшинбаяр Ганцхудагийн хорих ангид саатуулагдаад байгаа. Гэвч хэрэг явдлын гол шалтгаан болсон улстөрчид, Булганы АН-ынхан болон АН-ынхан юу ч үзээгүй, хараагүй, сонсоогүй юм шиг амаа хамхижээ. Хүн гээч амьтны хувиа хичээж, довоо шарлуулсан муухай араншин яг энд л гарч ирэх аж.
Улс төр шүтэн, талцан хуваагдсан энэ он жилүүдэд авьяаслаг дуучин, тамирчид гээд нийгэмд танигдсан залуусыг улс төрийн намууд, нөлөө бүхий улстөрчид өөртөө харьяалуулж, “улс төрийн хам шинж” өвчтэй болгоод удаж байна. Урлаг, спортоо хөөж, тайз дэлгэцэн дээр соён гэгээрүүлэх ажил хийж, хүүхэд залуучуудыг хошуучилж байх ёстой тэдний зарим нь сайн ах нарын нөлөөнд орж, ааш зангаа эвдэж, хүн танихын аргагүй болтол өөрчлөгдсөн гунигт жишээ Н.Түвшинбаяр аваргад тохиосон бололтой.
Н.Түвшинбаяр аваргын тухайд Ерөнхийлөгч Х.Баттулгын нөлөө, дэмжлэг дор олон жил явсныг монголчууд мэднэ. Сүүлийн үед Х.Баттулгыг дагасан залуучууд ямар нэгэн муу юманд орооцолдоод байдаг боллоо гэсэн үг улс төр орчимд эргэлдэж байгаа. Үүнийг нь Ерөнхийлөгчийг дэмжигч хүмүүс дэмий, улстөржсөн үг хэмээн тайлбарлаж байгаа ч олимпийн аваргын ааш аяг АН-д элсэж, УИХ-д нэр дэвшсэн цагаасаа хойш эрс эвдэрсэн талаар өгүүлж байгаа юм.
Ерөнхийлөгчийг тойрон хүрээлж байсан залуусаас дуулианд нэр холбогдсон залуучууд цөөнгүй. Тэдний нэг нь ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байсан Б.Махбал. Гурван жилийн өмнө яамныхаа Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Г-гийн амийг хөнөөж, шүүхээс хорих ял сонссон Б.Махбалыг хэрэг тухайн үедээ ихээхэн дуулиан тарьж байсан билээ. Мөн 2015-2016 онд Төмөр замын хэргээр Х.Баттулга, А.Гансүх нартай хамт шалгагдаж байсан Ч.Ганбат, П.Бат-Эрдэнэ нарыг энд дурдаж болно. Ухаа худаг-Гашуун сухайтын чиглэлийн төмөр замын төслөөс мөнгө угаасан гэх үндэслэлээр Эрүүгийн цагдаагийн газраас сэжигтнээр татан, Интерполоор эрэн сурвалжилж байсан Ч.Ганбат нь АНУ-ын иргэншилтэй. 2017 онд түүнийг Интерполоор эрэн сурвалжилж байгаа хүмүүсийн жагсаалтаас хассан ч тэр Монголд буцаж ирээгүй, сураггүй алга болсон байдаг.
Хамгийн сүүлийн жишээний нэг бол хонгилын шүүгч, прокуроруудыг холбодог гол хүн хэмээн нийтэд танигдсан өмгөөлөгч Б.Баасанцогт. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга А.Гансүхийн төрсөн дүү А.Ганболдтой хамтран “Монгол корпорейшн” компанийг эзэмшдэг нь илэрч, Б.Баасанцогт нь ҮАБЗ-ийн даргын гэр бүл, хамаатан садантай эдийн засгаараа нарийн холбогдсон хүн болох мэдээллүүд гарч А.Гансүх үүнийг үгүйсгэж чадаагүй. Энэ жишээ улс төрд хөл тавьж, нөлөө бүхий улстөрчдийн ойр ажиллаж яваад хохирсон залуучуудын гунигтай түүх. Монголын улс төр залуусаа эвдэж, ирээдүйд нь хар толбо үлдээж байна.
Б.ИРЭЭДҮЙ