Гуравдугаар сарын 15-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл зэсийн баяжмалыг БНХАУ-ын хилээр нэвтрүүлээгүй байна.
Учир нь “Оюутолгой” компанид өнгөрсөн сарын 15-ны өдөр коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрч, лабораторийн шинжилгээгээр батлагдсан юм. Одоогийн байдлаар хавьтлуудаас халдвар илрээгүй байна.
Харин БНХАУ-ын тал уг асуудалд болгоомжтой хандаж, өнөөдрийг хүртэл зэсийн баяжмалыг хилээрээ нэвтрүүлэхгүй байгаа талаар Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын Хилийн хэлтсийн дарга Д.Болд Itoim.mn сайтад ярилцлага өгөх үеэрээ дурдсан байна.
БНХАУ-ын талаас манай улсыг экспортоо цаашид үргэлжлүүлэхийн тулд яах ёстой талаар хэд хэдэн шаардлага тавиад байгаа юм байна.
Энэ талаар Д.Болд “Хятадын талаас биднийг дотоодын халдварын нөхцөл байдлын талаар мэдээллийг шууд өгөх суваг бий болго гэсэн. Тиймээс бид Эрээн, Хөх хот, Бээжингээр дамжуулан ЭМЯ-аас өгч байгаа дотоодын өвчний нөхцөл байдлын мэдээллийг Хятадын талд уламжлаж байгаа. Ер нь мэдээллийг өдөр болгон өгч байгаа. Ерөнхийдөө Хятадын талаас хамгийн гол нь бидэнд “Танай дотоодын халдварын нөхцөл байдлыг бид маш анхааралтай ажиглаж байна” гэж байгаа. Энэ нь ямар утгатай вэ гэхээр Монгол Улсад өнөөдөр ямар нэгэн байдлаар халдвар бүртгэгдэхгүй, өвчнийг хяналтдаа аваад 3-5 хоноход хилийн боомтуудын үйл ажиллагаа сэргэнэ гэсэн утга илэрхийлж байгаа юм.
Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд халдвар бүртгэгдээгүй гуравхан аймаг байгаагийн хоёр нь манай улсын эдийн засагт чухал нөлөөтэй аймаг байгаад баяртай байна. Хэрвээ эдийн засгийг нуруун дээрээ авч яваа хоёр аймагт халдвар бүртгэгдвэл боомтуудын нөхцөл байдал улам хүндэрч, бүр мөсөн хаагдана” хэмээн ярьжээ.
Ярилцлагын дэлгэрэнгүйг Itoim.mn сайтаас уншина уу.
Л.Баяр